АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп есдүгээр сарын 22-ны мягмар гарагт Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн 81 дүгээр чуулган дээр үг хэлэхдээ Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн гишүүн бүх улсад тус байгууллагаас гарахыг уриалжээ.

Тэрбээр Олон улсын эрүүгийн шүүхийг “хяналтаас гарсан байгууллага”, мөн “муу үйл хийдэг хэсэг бүлэг хүмүүс” хэмээн тодорхойлсон байна.

Цагаан ордны тэргүүний хэлснээр, Вашингтон АНУ-ын цэргийн алба хаагчдыг “Америкийн эсрэг, үзүүлэнгийн шүүх” хэмээн нэрлэсэн байгууллагын өмнө шүүлгэхийг зөвшөөрөхгүй аж.

Трамп “Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн бүх улс орныг хяналтаас гарсан энэ байгууллагын гишүүнчлэлээ нэн даруй, албан ёсоор зогсоохыг уриалж байна” гэж мэдэгджээ.

АНУ Олон улсын эрүүгийн шүүхийн эсрэг кампанит ажил өрнүүлж байна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио наймдугаар сарын 18-нд Олон улсын эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч Томоко Аканэ, ахлах прокурор Абдулай Сейе нарт хориг арга хэмжээ авснаа зарлажээ.

Рубио тухайн үед дээрх албан тушаалтнуудыг ОУЭШ-ийн харъяаллыг хүлээн зөвшөөрдөггүй улс орнуудын төрийн албан тушаалтнуудыг мөрдөн шалгах, баривчлах, саатуулах болон яллах ажиллагаанд шууд оролцсон гэж буруутгажээ.

АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг байгуулсан олон улсын гэрээнд нэгдээгүй бөгөөд ОХУ, Израилийн хамтаар тус шүүхийн гишүүн бус орнуудын нэг аж.

Вашингтон өмнө нь ч тус шүүхийн хэд хэдэн албан тушаалтанд хориг арга хэмжээ авч байжээ. Эдгээр арга хэмжээ нь тухайн хүмүүсийг АНУ-д нэвтрэх, мөн Америкийн санхүүгийн системээр дамжуулан гүйлгээ хийхийг хязгаарладаг аж.

Түүнчлэн АНУ долдугаар сарын 13-нд Олон улсын эрүүгийн шүүхийн эсрэг өргөн хүрээний кампанит ажил эхлүүлж буйгаа зарлажээ.

АНУ-ын Төрийн департамент тухайн үед Гаагад төвтэй тус шүүхийг “АНУ-ын бүрэн эрхт байдалд хүлээн зөвшөөрөхийн аргагүй аюул заналхийлэл” бий болгож байна" хэмээн буруутгажээ.

Вашингтоны мэдэгдсэнээр, ОУЭШ АНУ-ын цэргийн алба хаагчид болон тагнуулын ажилтнуудтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд эдгээр хэргийг хаахаас татгалзаж, “хариуцлага хүлээдэггүй дэлхийн арбитр” болохыг эрмэлзэж байна гэж АНУ үзэж байгаа аж.

Трамп Украины дайны талаар юу хэлэв?

Трамп НҮБ-ын Ерөнхий ассамблейн индрээс Украины дайны асуудлыг мөн хөнджээ. Тэрбээр уг дайн удахгүй дуусна гэж найдаж байгаагаа илэрхийлээд, “АНУ энэ асуудлаар Орос болон Украины удирдлагатай нягт хамтран ажиллаж байна” гэжээ. Мөн “Энэ мөргөлдөөн шийдэгдэнэ. Олон хүний бодож байгаагаас ч хурдан шийдэгдэнэ” хэмээн мэдэгдсэн байна.

ОХУ-ын Украины эсрэг бүрэн хэмжээний дайн 2022 оны хоёрдугаар сараас хойш үргэлжилж буй. Трамп өмнө нь ч уг мөргөлдөөнийг богино хугацаанд зохицуулна гэсэн мэдэгдлүүд хийж байсан боловч одоогийн байдлаар эдгээр мэдэгдэл бодит үр дүнд хүрээгүйг Германы dpa агентлаг тэмдэглэжээ.

Үүний зэрэгцээ Трамп АНУ Москвагийн эсрэг дарамтаа нэмэгдүүлэхэд бэлэн буйг илэрхийлсэн байна. Тэрбээр АНУ-д саяхан батлагдсан “Линдси Грэмийн хууль”-ийг дурджээ. Уг хууль нь ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг өргөжүүлэх боломжийг түүнд олгож байгаа аж.

Трамп “Шаардлагатай тохиолдолд би эдгээр хориг арга хэмжээг хэрэгжүүлнэ” хэмээн мэдэгджээ.

Трамп Кубын талаар хатуу байр суурь илэрхийлэв

АНУ-ын Ерөнхийлөгч мөн НҮБ-ын индрээс Кубын асуудлыг хөндөж, тус улсыг “бүрэн дампуурсан улс” хэмээн тодорхойлжээ. Трамп “Куба урьд өмнө байгаагүйгээр хүнд байдалд орж, дампуурч байна” гэж хэлсэн байна. Түүнийг үг хэлж дуусахаас өмнө Кубын төлөөлөгчид эсэргүүцлээ илэрхийлэн, хурлын танхимаас гарч явжээ.

Сүүлийн саруудад АНУ-ын Засгийн газар Кубын эсрэг хэд хэдэн хориг арга хэмжээ авсны улмаас тус улсад эрчим хүчний хямрал хурцдаж, хүмүүнлэгийн нөхцөл байдал доройтсон талаар DW мэдээлжээ.

Трамп “Коммунизм хэзээ ч Америкт ирэхгүй. Харин эрх чөлөө Кубад ирнэ” хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: DW