Каннын кино наадамд энэ жил Холливудын томоохон кино студиуд оролцсонгүй. Гэсэн хэдий ч дэлхийн хамгийн нэр хүндтэй шинэ киноны наадмуудын нэг болох Каннын хөтөлбөр энэ удаад ч баялаг, өндөр түвшний бүтээлүүдээр дүүрэн хэвээр байв.

Тавдугаар сарын 12-ноос 23-ны хооронд Андрей Звягинцев, Павел Павликовский, Асгар Фархади, Педро Альмодовар, Валеска Гризебах зэрэг дэлхийн нэртэй найруулагчдын шинэ уран бүтээлүүд толилуулагдаж байна.

Гэсэн ч энэ жилийн хөтөлбөрт “Mission: Impossible: Final Reckoning”, “Top Gun: Maverick”, “Mad Max: Fury Road” зэрэг сүүлийн жилүүдэд Каннын тайзыг чимж байсан шиг өндөр төсөвтэй, үзүүлбэрт суурилсан Америкийн блокбастер кинонууд багтсангүй.

Холливудтай харилцаа хөрсөн үү?

Энэ нь Холливуд Каннаас бүрэн нүүр буруулсан гэсэн үг биш аж. Харин Америкийн бие даасан болон арт чиглэлийн кино урлагийн төлөөллүүд наадамд оролцсоор буй юм байна. Үндсэн хэсэгт Америкийн найруулагч Айра Сакс Рами Малек гол дүрд нь тоглосон “Миний хайртай хүн” киногоо танилцуулжээ.

Мөн Нью-Йоркт төрсөн найруулагч Жеймс Грей “Цаасан бар” нэртэй гэмт хэргийн драмыг толилуулж буй бөгөөд тус бүтээлд Скарлетт Йоханссон, Адам Драйвер, Майлз Теллер нар тоглосон байна. Энэхүү кинонд алдар нэр, мөнгөний араас хөөцөлдөж яваад, Оросын мафид татагдан орсон ах дүүсийн хувь тавиланг өгүүлдэг аж.

Жон Траволта анх удаа найруулагчаар ажиллаж, “Propeller: One-Way Night Flight” киногоо танилцуулж буй юм байна. Харин Энди Гарсиа 15 жилийн турш бүтээсэн нуар төрлийн “Diamond” киногоо Каннд авчирчээ.

2026 оны Каннын кино наадмын шүүгчид

2026 оны Каннын кино наадмын шүүгчдийн зөвлөлийг Пак Чан-Ук тэргүүлж, бүрэлдэхүүнд нь Хлое Жао, Лора Вандель, Диего Сеспедес, сценарист Пол Лаверти, мөн жүжигчид Деми Мур, Стеллан Скарсгард, Рут Негга, Исаак де Банколе нар багтжээ.

Энэ жилийн хөтөлбөрийн онцлог

Энэ жилийн хөтөлбөрийн гол онцлог нь Холливудын өндөр төсөвт, үзэгчдийг татах зорилготой блокбастер кинонуудын хомсдол аж. Ийм төрлийн кинонууд өмнө нь арт киноны хөтөлбөрийг тэнцвэржүүлж, үзэгчдийг өргөнөөр татах чухал үүрэг гүйцэтгэдэг байв.

Гэвч сүүлийн жилүүдэд томоохон студиуд фестивалиудад оролцохоос илүү болгоомжлох болсон нь ажиглагдаж буй аж. Учир нь, наадмын үеийн шүүмжлэл, хэвлэлийн дуулиан нь киноны орлого, нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзэх болсонтой холбоотой юм байна.

Жишээлбэл, 2024 оны Венецийн кино наадамд гарсан “Joker: Folie à Deux” кино хүлээлтээс доогуур үнэлгээ авч, орлого нь ч таамагласан түвшинд хүрээгүй. Мөн “Indiana Jones and the Dial of Destiny” кино Каннд нээлтээ хийсний дараа шүүмжлэлд өртсөн нь студиудын болгоомжлолыг нэмэгдүүлсэн гэж үздэг.

В жюри Каннского кинофестиваля-2026 под председательством Пак Чхан-Ука вошли Хлоя Чжао, Лора Вандель, Диего Сеспедес, сценарист Пол Лаверти, актеры Деми Мур, Стеллан Скарсгард, Рут Негга и Исаак де Банколе

Улс төрийн нөлөө нэмэгдэж байна

Европын томоохон кино наадмууд сүүлийн жилүүдэд улс төрийн маргаан, эсэргүүцлийн талбар болох нь нэмэгджээ. Палестин, Украин, Иран, Дональд Трамп зэрэг сэдвүүд хэвлэлийн хурал, ярилцлагын үеэр байнга хөндөгдөх болсон нь кино урлагийн хэлэлцүүлгийг давхар улс төржүүлэх хандлагатай болгож буй аж

Ийм нөхцөлд Холливудын студиуд улаан хивсний арга хэмжээ нь улс төрийн маргаанд татагдан орох эрсдэлтэй гэж үзэж, оролцоогоо багасгах хандлагатай болжээ.

Гол анхаарал — автор кино

Энэ жил Каннын наадам илүүтэйгээр олон улсын автор кинонд төвлөрч байна. 79 дэх наадмыг Францын найруулагч Пьер Сальвадоригийн “Цахилгаан Сугар” трагикомеди нээж, 1920-иод оны Парис дахь хайр ба хуурлын түүхийг харуулжээ.

Андрей Звягинцев урт хугацааны завсарлагааны дараа “Минотавр” нэртэй нийгэм, улс төрийн драмтай эргэн иржээ. Энэ бүтээл нь ажлаасаа халагдсан, гэр бүлийн хямралд орсон бизнесмений амьдралыг өгүүлсэн байна.

Германы найруулагч Валеска Гризебах “Мөрөөдлийн адал явдал” триллерээр Балкан орчмын хил дамнасан хууль бус үйл ажиллагаа болон хүний дотоод айдсыг хөнджээ. Павел Павликовский “1949/Эх орон” нэртэй хар цагаан намтар драмдаа Дэлхийн II дайны дараа Германд болсон Томас Манны айлчлалыг өгүүлсэн байна.

Асгар Фархади “Параллель түүхүүд” бүтээлдээ 2015 оны Парисын халдлагын дараах хүний хувь заяануудын огтлолцлыг харуулжээ. Педро Альмодовар энэ жил “Гашуун Зул сар” киногоороо “Алтан дал модны мөчир” шагналын төлөө дахин өрсөлдөж байна.

Хөтөлбөрийн нэмэлт хэсгүүд

“Захирлуудын хоёр долоо хоног” хэсгийг Кантемир Балаговын “Эрвээхэйн чанамал” кино нээсэн бөгөөд түүнд АНУ-ын Нью-Жерси муж дахь черкес диаспор дахь аав, хүү хоёрын харилцааг өгүүлдэг аж.

Николас Виндинг Рефн “Түүний хувийн там” киногоо танилцуулж байгаа бол “Un Certain Regard” хэсэгт Жейн Шёнбрун өсвөр насны хар бараан сэдвийг хөндсөн аймшгийн киногоор оролцож буй юм  байна.

Нэмж өгүүлэхэд, Каннын кино наадам энэ жил Холливудын томоохон студиудгүйгээр, илүүтэйгээр дэлхийн автор киноны төв болон хувирч байгаа аж. Энэ өөрчлөлт нь наадмыг арилжааны маркетингийн талбар гэхээсээ илүү дэлхийн уран сайхны киноны хамгийн чухал тайз хэвээр хадгах чиглэл рүү түлхэж буйг харуулж байна гэж шинжээчид дүгнэжээ.

Эх сурвалж: DW