Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар есдүгээр сарын 22-ны мягмар гарагт Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн 81 дүгээр чуулганы үеэр уулзжээ.
Зеленский Трамптай уулзсаныхаа дараа Цагаан ордны тэргүүн Украины дайныг өвөл болохоос өмнө дуусгахад тусална гэсэн найдлага тээж буйгаа илэрхийлжээ. Хаалттай хэлбэрээр болсон уулзалтыг тэрбээр “эерэг бөгөөд үр дүнтэй” гэж тодорхойлсон байна.
Украины төрийн тэргүүн Telegram сувгаараа “АНУ болон Украин хоёулаа энэхүү утга учиргүй Оросын дайныг өвөл болохоос өмнө дуусгахыг хүсэж байна. Бид хурцадмал байдлыг намжаах боломжит алхмуудын талаар ярилцсан. Эдгээр нь дипломат замыг нээх боломжтой” хэмээн бичжээ.
Украин эрчим хүчний байгууламжид халдахгүй байх түр эвлэрэлд бэлэн
Зеленский сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Оросын тал мөн адил хэрэгжүүлэх нөхцөлтэйгөөр ОХУ-ын эрчим хүчний байгууламжид цохилт өгөхөө зогсоох боломжтой талаар мэдэгдсэн байна.
Тэрбээр “Орос улс манай эрчим хүчний системд халдахгүй байхыг зөвшөөрвөл бид эрчим хүчний салбарын ямар ч хэлбэрийн түр эвлэрэлд бэлэн” гэж хэлжээ. Гэхдээ Зеленский Москвагийн байр суурь одоогоор өөрт нь тодорхойгүй байгааг онцлоод, АНУ-ын тал Оросыг ямар нэг хэлбэрээр хэлэлцээ хийхэд хүргэх арга замыг олно хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ.

Зеленский, Трамп нарын уулзалт эхлэхээс өмнө DW-ийн сурвалжлагч АНУ-ын Ерөнхийлөгчөөс АНУ, Украин, ОХУ-ын төрийн тэргүүн нарын гурван талт уулзалтыг Майамид болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр зохион байгуулах боломжтой эсэх, мөн Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг уг дээд хэмжээний уулзалтад урих эсэх талаар асуусан байна.
Трамп “Бид Аляскад хэдийнэ уулзсан. Майамигийн тухайд би мэдэхгүй. Удахгүй Майамид томоохон арга хэмжээ болно. Гэхдээ тэр уулзана. Тэр уулзахыг хүсэж байгаа. Тэр дайныг дуусгахыг хүсэж байгаа” хэмээн хариулжээ.
Зеленский: Трамп Украинд Patriot пуужин үйлдвэрлэх лиценз олгох санааг дэмжиж байна
Уулзалтын дараа Зеленский мөн Трамп Patriot системийн пуужин-саатуулагчийг Украинд үйлдвэрлэх лиценз олгох талаар эерэг байр суурьтай байгааг мэдээлжээ.
Украины Ерөнхийлөгч “Тэр лиценз олгох асуудалд эерэг байр суурьтай байна. Бид энэ төслийг эхлүүлнэ. Гэхдээ дахин хэлэхэд, би яг тодорхой мэдэхгүй байна. Магадгүй нэг жил, эсвэл нэг жил хагасын хугацаа шаардагдаж болох ч энэ бол ирээдүйд чиглэсэн төсөл” гэж хэлжээ.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 81 дүгээр чуулган есдүгээр сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо болж байгаа бөгөөд дэлхийн 130 орчим улсын төр, засгийн тэргүүн оролцож байна.
Эх сурвалж: DW