Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнгөрсөн долдугаар сард Үндэсний их баяр наадмын үеэр “Хүй долоон худаг”-т 30 мянган хүний суудалтай “Үндэсний их баяр наадмын цогцолбор” байгуулах төслийг танилцуулсан.

Цогцолборыг 2027 онд ашиглалтад оруулж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдээлсэн билээ.

Тус төслийн ажлын хэсэг анхдугаар хуралдаанаа хийж, зураг төсөл, хөрөнгө оруулалт, санхүүжилт, инженерийн дэд бүтцийн асуудлыг хэлэлцжээ.

Эхний ээлжид 30 мянган хүний багтаамжтай задгай цэнгэлдэх хүрээлэн барихаар урьдчилсан зураг төслийг боловсруулж, хөрсний судалгааг дуусгажээ. Одоо нарийвчилсан зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл болон инженерийн дэд бүтцийн шийдлийг боловсруулах юм байна.

Цогцолборыг зөвхөн Үндэсний их баяр наадмын үеэр ашиглахаас гадна жилийн дөрвөн улиралд спорт, урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулах боломжтой байхаар төлөвлөжээ. Мөн тогтмол үйл ажиллагаа зохион байгуулж, орлого олох боломжийг тооцон, менежментийг хувийн хэвшил хариуцах хувилбарыг авч үзэж байгаа аж.

Ажлын хэсгийн гишүүд хөрөнгө оруулалт, санхүүжилтийн механизмыг тодорхой болгож, бүтээн байгуулалтыг богино хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатайг онцлов.