ОХУ-ын эрх баригч “Нэгдсэн Орос” нам Төрийн Думын сонгуулийн урьдчилсан эцсийн дүнгээр түүхэнд хамгийн олон буюу 355 суудал авахаар болсон бол дайныг эсэргүүцдэг “Яблоко” нам зөвхөн нэг бүс нутгийн парламентын хэмжээнд суудал авах боломжтой болжээ.
Ерөнхийлөгч Владимир Путин 2022 онд Украинд бүрэн хэмжээний дайн эхлүүлснээс хойшхи анхны Төрийн Думын сонгуулийг дайныг дэмжиж буй олон нийтийн байр суурийг харуулах сорилт хэмээн тодорхойлсон байна. Үүнтэй зэрэгцэн зарим бүс нутгийн парламент болон захирагчдын сонгууль мөн явагджээ.
ОХУ-ын улс төрийн тогтолцоо хатуу хяналттай, бодит сөрөг байр суурийг илэрхийлэх боломж хязгаарлагдмал гэж шүүмжлэгчид үздэг. Түүнчлэн “Яблоко” намын олон нэр дэвшигч сонгуульд өрсөлдөх эрхгүй болсон байна.
“Нэгдсэн Орос” Үндсэн хуулийн олонхоо хадгална
Сонгуулийн саналын 95 гаруй хувийг тоолоод байх үед ОХУ-ын Сонгуулийн төв хорооны дарга Элла Памфилова “Нэгдсэн Орос” нам нийт саналын 57.83 хувь авсан гэж мэдээлжээ. Энэ нь 2021 оны сонгуулиар авсан 49.8 хувиас өссөн үзүүлэлт аж.
Ингэснээр тус нам 450 суудалтай Төрийн Думд 355 суудал буюу бараг 80 хувийг эзлэхээр болж байна. Энэ нь тус намд Үндсэн хуулийн олонхоо хадгалах боломж олгож, бусад намын дэмжлэггүйгээр хууль батлах, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга гаргах боломжийг хэвээр үлдээх нь.
Мөн 355 суудал нь “Нэгдсэн Орос” намын хувьд түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Өмнөх дээд амжилт нь 2016 онд авсан 343 суудал байсан аж.
Төрийн Думд бусад дөрвөн нам мөн суудал авсан байна. Тухайлбал, Коммунист нам 13.81 хувь, Либерал-Ардчилсан нам 8.98 хувь, “Шинэ хүмүүс” нам 7.96 хувь авсан бол “Шударга Орос” нам парламентын босго болох 5 хувийг арайхийн давжээ.
Reuters-ийн мэдээлснээр, эдгээр намууд сүүлийн жилүүдэд томоохон асуудлаар “Нэгдсэн Орос” намтай ижил байр суурьтай санал өгөх тохиолдол олон байсан байна.
“Яблоко” үндэсний хэмжээнд суудал авч чадсангүй
ОХУ-д бүртгэлтэй дайныг эсэргүүцдэг цорын ганц нам гэж Reuters тодорхойлсон “Яблоко” үндэсний парламентын хэмжээнд суудал авч чадаагүй байна.
Москвагаас баруун хойд зүгт ойролцоогоор 480 км-ийн зайд орших Новгород мужид саналын бараг 97 хувийг тоолоход тус нам 5 хувийн босгыг давжээ. Ингэснээр бүс нутгийн парламентад суудал авах боломж бүрджээ. Намын мэдээлснээр Новгородын 12 мянга гаруй иргэн “Яблоко”-г дэмжсэн байна.

Сонгуулийн төв хорооноос мэдээлснээр, нийт 111 сая сонгогчийн ирц 59.3 хувь хүрсэн нь ийм төрлийн сонгуулийн хувьд рекорд үзүүлэлт болжээ. Тус хороо сонгуулийг “цэвэр” явагдсан гэж үнэлсэн боловч гадаадад байгаа сөрөг хүчний идэвхтнүүд сонгуулийн үр дүнд өргөн хүрээний зөрчил, будлиан гарсан гэж мэдэгдсэн байна.
Мөн Чеченьд Путиний ойрын холбоотон Рамзан Кадыров бүс нутгийн тэргүүний албан тушаалд тав дахь удаагаа сонгогдож, албан ёсны дүнгээр 99.85 хувийн санал авчээ.
Сонгуулийн дараах өөрчлөлтийг иргэд хэрхэн харж байна вэ?
Reuters-ийн ярилцсан зарим Москвагийн иргэд сонгуулийн үр дүнд гайхаагүй талаараа хэлжээ. Тэдний зарим нь Украин дахь дайныг аль болох хурдан, энхийн аргаар дуусгах, шатахууны хангамжийн доголдлыг арилгах, үнийн өсөлтийг хязгаарлах зэрэг хүсэл илэрхийлсэн байна.
Харин зарим иргэн одоогийн нөхцөл байдалд сэтгэл хангалуун байгаа бөгөөд сонгуулийн дараа онцгой өөрчлөлт хүлээхгүй байгаагаа хэлжээ.
Эх сурвалж: REUTERS