ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "ОХУ-ын ирэх оны төсвийн төсөлд нефтийн үнийг баррель нь 50 ам.доллар байхаар тооцсон. Энэ тохиолдолд холбооны төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний ойролцоогоор 2 хувь байна" гэж мэдэгджээ.

Түүний хэлснээр, нефтийн үнийг ийнхүү тооцсон нь хэт доогуур мэт харагдаж болох ч найдвартай, бодитой баримжаа гэж үзэж байгаа аж.

ОХУ-ын Засгийн газар ирэх оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн таамаглалаа боловсруулж дуусч буй бөгөөд нийгмийн баталгааг хангах, улсын аюулгүй байдлыг хамгаалах, батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх нь гол зорилтуудын нэг болжээ.

Путины үзэж байгаагаар, ойрын саруудад нефть, хийн салбараас орох орлого нэмэгдэх боломжтой аж. Энэ нь Үндэсний баялгийн сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүлэх аж.

ОХУ-ын Ерөнхийлөгч "Инфляцыг бууруулах чиглэлээр Төв банк болон Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнгээ өгч байна" гэж онцолжээ.

Түүний хэлснээр, Оросын компаниуд тогтвортой үйл ажиллагаагаа үргэлжлүүлж буй нь хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүдээс харагдаж байгаа аж. Путин "Ажилгүйдлийн түвшин түүхэн доод хэмжээнд хүрсэн" гэж тэмдэглэжээ.

Тэрбээр "Үүний зэрэгцээ хүн амын орлого өсөж байгаа нь өргөн хэрэглээний барааны эрэлт нэмэгдэж буйгаар илэрч байна" гэж хэлсэн байна.

Мөн ОХУ Барууны орнуудаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлохыг хориглосон арга хэмжээгээ 2028 он хүртэл сунгажээ. Уг хоригийг Барууны орнуудын “найрсаг бус үйл ажиллагааны” хариу арга хэмжээ болгон 2014 онд анх хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Эх сурвалж: ANADOLU, TASS