Газрын тосны үнэ мягмар гарагт бага зэрэг өсөж, хэд хоног дараалан буурсны дараа зах зээл тогтворжих шинжтэй болжээ. Хөрөнгө оруулагчид энэ долоо хоногт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр болох хүлээлттэй АНУ-Ираны хэлэлцээтэй холбоотой үйл явдлыг анхааралтай ажиглаж байна.
Гринвичийн цагаар 00:21 цагт Brent маркийн газрын тосны арваннэгдүгээр сарын фьючерс 22 цент буюу 0.22 хувиар өсөж, баррель нь 100.57 ам.долларт хүрчээ. Харин мягмар гарагт хугацаа нь дуусах WTI маркийн аравдугаар сарын фьючерс 2 цент буюу 0.02 хувиар өсөж, баррель нь 95.80 ам.доллар болсон байна.
Арилжаа илүү идэвхтэй явагддаг WTI-ийн арваннэгдүгээр сарын гэрээ 13 цент буюу 0.14 хувиар өсөж, баррель нь 92.49 ам.долларт хүрчээ.
Ням гарагт Иран болон АНУ харилцан сүрдүүлэг хийсэн ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиантай уулзахад нээлттэй гэдгээ мэдэгдсэн. Пезешкиан энэ долоо хоногт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йоркт очих төлөвтэй байгаа аж.
KCM Trade компанийн зах зээлийн ахлах шинжээч Тим Уотер "WTI-ийн өсөлт болон Brent-ийн арилжааны эхлэл нь газрын тосны зах зээлд суурь өөрчлөлт гарсны илрэл гэхээсээ илүү сүүлийн үеийн уналтын дараах богино позицоо хаасантай холбоотой түр зуурын өсөлт бололтой" гэж хэлжээ.
Түүний үзэж буйгаар, цаашид үнэ тодорхой хүрээнд хэлбэлзэж, АНУ болон Ираны дипломат хүчин чармайлтын явцтай холбоотой мэдээ мэдээлэлд мэдрэг хэвээр байх төлөвтэй байгаа аж.
Мөн амралтын өдрүүдээр Иран хэлэлцээг сэргээх нөхцөлөө зуучлагч талуудад дамжуулсан талаар Al Jazeera мэдээлсэн байна. Тус мэдээллийг Ираны Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга асан Мохсен Резаигаас иш татжээ.
Ойрхи Дорнодын хурцадмал байдал өндөр хэвээр байна
Ойрхи Дорнод дахь нөхцөл байдал мөн хурц хэвээр байна. Ираны дэмжлэгийг авдаг Йемений хуситууд Эр-Рияд болон Саудын Арабын Yanbu дахь Saudi Aramco-ийн байгууламжид халдсан бөгөөд Улаан тэнгисийн эрэг орчмын Саудын Арабын дэмжлэгтэй хүчнүүдийн нийлүүлэлтийг таслах ажиллагаагаа эрчимжүүлсэн гэж мэдэгдсэн байна.
Ираны гурван эх сурвалжийн мэдээлснээр, хуситуудын халдлагыг хязгаарлахад Тегерантай хамтран ажиллахыг Саудын Араб Бээжинд уриалсны дараа Хятад улс Иранд хуситуудын халдлагыг зогсооход дэмжлэг үзүүлэхийг хувийн сувгаар уриалжээ.
Saudi Aramco компани Зүүн–Баруун хоолойд гарсан халдлагын улмаас Yanbu боомтоор дамжих зарим тээвэрлэлтийг зогсоосныхоо дараа Хормузын хоолойгоор дамжуулан газрын тосны экспортоо нэмэгдүүлсэн байна.
Танкеруудын хөдөлгөөнийг хянах мэдээллээс үзэхэд Saudi Aramco ням гарагт Персийн булан дотор долоон супер танкерт ойролцоогоор 14 сая баррель түүхий нефть ачжээ.
Үүний зэрэгцээ Ливийн Үндэсний газрын тосны корпорацийн дарга Масуд Сулейман даваа гарагт Reuters агентлагт мэдээлэхдээ, тус улсын Шарара газрын тосны ордын олборлолт хэсэгчлэн буурсан гэж мэдэгдсэн боловч шалтгааныг тодруулаагүй байна.
Эх сурвалж: REUTERS