АНУ Хүйтэн дайны үеийн цэргийн баазыг Гренландын өмнөд хэсэгт сэргээн ажиллуулж, мөн зүүн эрэгт нь өөр нэг цэргийн бааз байгуулахаар төлөвлөж байгаа аж. Энэ нь Дани болон Гренландтай байгуулах шинэ гэрээний хүрээнд хэрэгжих бөгөөд гэрээнд мягмар гарагт гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа талаар уг асуудлыг мэдэх гурван эх сурвалж Reuters агентлагт мэдээлжээ.
Шинээр ашиглах хоёр газар нь Нарсарсуак (Narsarsuaq) болон Местерсвиг (Mestersvig) аж. АНУ 1950-иад онд хаасан Bluie West One цэргийн бааз байрлаж байсан Нарсарсуак хотод одоо хэдхэн арван хүн амьдардаг болсон байна. Харин Местерсвиг нь Данийн тусгай хүчний анги болох “Сириус” чаргатай эргүүлийн алба ашигладаг цэргийн түшиц газар аж.
Дани, Гренланд болон АНУ шинэ гэрээндээ Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр мягмар гаргийн 10:30 цагт (ET) гарын үсэг зурахаар төлөвлөжээ.
Гэрээний бүрэн эхийг одоогийн байдлаар нийтэд ил болгоогүй байгаа аж. Нөхцөл байдлыг мэдэх гурван эх сурвалж нэрээ нууцлах нөхцөлтэйгөөр Reuters-т мэдээлэхдээ гэрээний нарийн ширийн зүйлсийг гарын үсэг зурах хүртэл эцэслэн тохиролцохгүй гэжээ.
Дани болон Гренландын засгийн газар Reuters-ийн тайлбар авах хүсэлтэд хариу өгөөгүй байгаа аж.
Цагаан ордны төлөөлөгч мөн гэрээний нарийн агуулгын талаар тайлбар өгөхөөс татгалзаж, мягмар гарагт байгуулах гэрээ нь “Гренланд болон АНУ-ын аюулгүй байдлыг хангаж, хамгаалах” зорилготой гэсэн өмнөх мэдэгдлээ давтжээ.
Данийн талын мэдээлснээр, уг гэрээгээр Арктикийн аюулгүй байдлыг зөвхөн АНУ, Дани хоёрын хүрээнд бус, НАТО-гийн хариуцлагын хүрээнд авч үзэх нөхцөл бүрдэх аж.
Энэхүү тохиролцоо нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Гренландтай холбоотой хэдэн сарын турш үргэлжилсэн шахалтын дараа хийгдэж буй.
Трамп өмнө нь АНУ Гренландыг хяналтдаа авах ёстой гэж удаа дараа мэдэгдэж, тус өөртөө засах эрхтэй Данийн нутаг дэвсгэрийг авахын тулд цэрэг, эдийн засгийн хүч хэрэглэх хувилбарыг үгүйсгэхээс татгалзаж байв.
Reuters-ийн мэдээлснээр, энэ байр суурийг Гренландын иргэдийн дийлэнх олонх нь эсэргүүцэж байгааг санал асуулгууд харуулжээ.
Трампын заналхийлэл нэгдүгээр сард хурцдаж, улмаар НАТО дотор дипломат хямрал үүсгэн, Дани болон Гренландыг Вашингтонтой хэлэлцээ хийхэд хүргэсэн байна.
Хүйтэн дайны үед АНУ Гренландад 17 цэргийн байгууламж ажиллуулж, 10 мянга гаруй цэргийн алба хаагч байрлуулж байсан бол өнөөдөр тус аралд АНУ-ын Питуффик сансрын бааз л үлдэж, тэнд ойролцоогоор 150 америк цэргийн алба хаагч байгаа аж.
Эх сурвалж: REUTERS