Худал мэдээлэлтэй тэмцэх асуудал олон улсын “Худал мэдээллийн тухай яриа хэлэлцээ 4.0” форумын гол сэдэв байх нь. Тус асуудлыг хэлэлцэхээр 80 гаруй орны 2000 гаруй оролцогч Москвад хуран цуглаад байгаа аж.

Хэлэлцүүлэгт ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров оролцох бөгөөд түүний илтгэл “олон хүнд ер бусын, цочирдом санагдана” хэмээн тус яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова урьдчилан мэдэгдсэн байна.

Захарова сайд “Оросфобийн буюу Оросын эсрэг суртал ухуулгатай тэмцэх асуудлын олон талын хүрээг тодорхой жишээн дээр авч үзнэ” гэж мэдэгдсэн ч илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй аж.

Мөн ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч тус форумын үеэр Украины неонацистуудын үйлдсэн гэх гэмт хэргүүдийг судалсан Олон улсын олон нийтийн трибуналын илтгэлийг түгээхээр төлөвлөж байгааг онцолжээ.

Уг баримт бичгийг өнгөрсөн долоо хоногт танилцуулсан бөгөөд одоо форумд оролцогчид Буча дахь үйл явдлыг хараат бусаар мөрдөн шалгахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалах шинэ уриалга гаргана гэж Захарова хүлээж байгаа аж.

Мөн Ази, Номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын байгууллага (OANA)-ын 65 жилийн ойд зориулсан Медиа форумын оролцогчид “Худал мэдээллийн тухай яриа хэлэлцээ”-нд нэгдэх юм байна. OANA-гийн одоогийн даргын үүргийг гүйцэтгэж буй ТАСС энэ өдрүүдэд тус медиа форумыг зохион байгуулж буй аж.

OANA болон Олон улсын баримт шалгах сүлжээ (GFCN)-ний хамтын ажиллагаа, худал мэдээлэлтэй тэмцэх нэгдсэн арга барилыг тодорхойлох асуудлаар тусгай хэлэлцүүлэг өрнөх юм байна.

Форумын сэдвүүд нь чанартай, найдвартай мэдээлэл үйлдвэрлэхээс эхлээд хиймэл оюун ухааны эрин үед хүүхдийн хүмүүжилд тулгарч буй асуудал хүртэл өргөн хүрээг хамарч байгаа аж. Тухайлбал:

  • “Мэдээллийн салбар дахь олон улсын хамтын ажиллагаа: тусдаа төслүүдээс нэгдсэн танин мэдэхүйн бүрэн эрхт байдал руу”
  • “Дижитал эрин дэх сонгуулийн бүрэн эрх: Төрийн Думын сонгуулийн үр дүнг дүгнэх нь”
  • “Итгэлцлийн эдийн засаг: Дижитал платформууд ирээдүйн нэгдсэн орон зайг хэрхэн бүрдүүлж байна вэ?”
  • “Хуурамч мэдээллийн өмнө: Дезинформацийн эсрэг дархлаа”
  • “Луйвартай тэмцэх нь 2026: Шинэ аюул занал ба хамгаалах стратеги”
  • “Үүсгэгч хиймэл оюун ухааны эрин дэх бизнес: шинэ боломж уу, шинэ эрсдэл үү?”
  • “Өсвөр насныхан хэнд итгэдэг вэ? Хиймэл оюун ухаан итгэлцэл, үнэнийг хүлээн авах байдал болон төлөвшилд хэрхэн нөлөөлж байна вэ?” зэрэг аж.

“Худал мэдээллийн тухай яриа хэлэлцээ 4.0” форумыг “Диалог Регионы” ашгийн бус байгууллага GFCN, ТАСС болон “Шинэ медиа” семинарын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй юм байна. ТАСС тус арга хэмжээний стратегийн түншээр ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: TASS