Харьков мужийн Лозовая хотод болсон халдлагын улмаас нэг хүн амиа алдаж, гурван хүн шархадсан талаар Украины Онцгой байдлын алба мэдээлсэн байна. Халдлагын улмаас тус хотын орон сууцны барилга болон төмөр замын дэд бүтцийн байгууламжууд эвдэрч, хэсэгчлэн сүйджээ. Мөн хоёр газарт гал гарсан байна.
Галын нэг нь хоёр давхар орон сууцны барилгад гарч, дээврийн 200 ам метр талбайг хамарчээ. Түүнчлэн хоёрдугаар давхрын зарим орон сууц сүйдсэн байна. Аврагчид халдлагын дараах ажиллагааны үеэр нэг эмэгтэйг аварч, нуранги дороос амиа алдсан хүний цогцсыг гарган авчээ.
Запорожье болон Одесса мужид мөн халдлага болжээ
Украины Запорожье хотод болсон өргөн хэмжээний цохилтын улмаас есөн давхар хоёр орон сууцны барилга гэмтэж, гал гарсан байна. Мөн худалдааны төв болон дээд боловсролын байгууллагын нэгэн барилгад гал гарчээ.
Халдлагын улмаас нийт таван хүн гэмтэж, таван хүнийг аврагчид аварсан бол гал гарсан барилгуудаас 14 оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн байна. Үүнээс гадна есдүгээр сарын 21-нд шилжих шөнө Оросын цэргүүд Украины Одесса муж дахь агуулахын барилга байгууламжид цохилт өгчээ.
Цохилтын дараа томоохон хэмжээний гал гарсан бөгөөд Одесса хотын орчимд супермаркетын сүлжээний хүнсний бүтээгдэхүүн хадгалдаг агуулахууд шатсан байна. Одоогийн байдлаар хүний амь нас хохирсон мэдээлэл гараагүй байна. Гал түймрийн голомтыг унтрааж, халдлагын үр дагаврыг арилгахад 80 гаруй аврагч ажиллажээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн мэдээлснээр, есдүгээр сарын 20-ны орой болон 21-ний шөнө Оросын цэргүүд Украины 10 мужид цохилт өгсөн байна.
Эх сурвалж: DW