Оросын зэвсэгт хүчин Украины аж үйлдвэрийн үйлдвэрүүдэд удаа дараалан цохилт өгсний улмаас тус улсад хэвийн ажиллаж байгаа гангийн үйлдвэрлэл үндсэндээ үлдээгүй байна.
Энэ талаар есдүгээр сарын 20-ны ням гарагт “Метинвест” группийн ерөнхий захирал Ринат Ахметовын ажлын албаны дарга Александр Водовиз Financial Times сонинд өгсөн тайлбартаа мэдэгджээ.
Сүүлийн хэдэн долоо хоногт Орос улс Украины металлургийн салбарын гол үйлдвэрүүдэд дараалсан цохилт өгч буй аж. Тухайлбал, Оросын Зэвсэгт хүчин Запорожье хот дахь “Метинвест” группийн харъяа “Запорожсталь” үйлдвэрийн цогцолборт хэд хэдэн удаа халдсан байна. Үүний улмаас үйлдвэрийн зарим хэсэг үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүй болжээ.
Мөн Днепропетровск муж дахь “АрселорМиттал Кривой Рог” болон “Каметсталь” металлургийн үйлдвэрүүд Оросын пуужингийн цохилтод өртсөн байна.
Financial Times-ийн мэдээлснээр, Оросын халдлагад өртсөн эдгээр үйлдвэрүүд Украины нийт гангийн үйлдвэрлэлийн ойролцоогоор 90 хувийг хангадаг байжээ. Александр Водовиз сонинд өгсөн тайлбартаа “Метинвест” одоогийн байдлаар гэмтсэн үйлдвэрүүдийг сэргээн засварлахад хэр хугацаа шаардагдахыг тооцоолох боломжгүй байна гэж онцолсон байна.
Металлургийн салбарт учирсан хохирол хэдийнэ хэдэн жилийн турш хуримтлагдаж байгаа аж. Дайны улмаас Украин үйлдвэрлэлийн хөрөнгийнхөө нэлээд хэсгийг хэдийнэ алдаж, 2025 оны байдлаар тус улсын ган үйлдвэрлэх нийт нэрлэсэн хүчин чадал жилд ойролцоогоор 42 сая тонноос 16.5 сая тонн хүртэл буурсан байна. Энэ талаар GMK Center-ийн салбарын шинжилгээнд дурджээ.
Үйлдвэрүүдийн зогсолт фронтын бүсүүдэд хямрал үүсгэж болзошгүй
Үүнээс өмнө “Метинвест” группийн үйл ажиллагаа хариуцсан захирал Александр Мироненко Forbes Ukraine-д өгсөн ярилцлагадаа Оросын цохилтоос гадна боомтуудын хаалт, өндөр өртөгтэй логистик, цахилгааны өндөр үнэ болон Европын Холбооны хязгаарлалтууд Украины металлургийн салбарын нөхцөл байдалд нөлөөлж байгааг онцолсон байна.
Тэрбээ “2022-2023 онд манай компанид дайны өмнөх жилүүдэд бүрдүүлсэн тодорхой хэмжээний тэсвэрлэх нөөц байсан. Харин өнөөдөр тэр нөөц хэдийнэ дууссан. Зөвхөн манайд ч биш, ямар ч компанид байхгүй болсон. Төрийн дэмжлэг, гадаадын түншүүдийн тусламжгүйгээр бид энэ нөхцөл байдлаас зүгээр л гарч чадахгүй” гэж мэдэгджээ.
Мироненко мөн үүссэн хямрал зөвхөн нэг компанийн хүрээнээс хальсан гэж нэмж хэлсэн байна. “Экономическая правда” сонины мэдээлснээр, гангийн үйлдвэрлэлийн салбарын хямрал даамжирвал фронтын бүс нутагт амьдарч буй хүмүүсийн амьд үлдэх, амьжиргаагаа залгуулах асуудал улам хурцдаж болзошгүй байгаа аж.
Запорожье, Кривой Рог болон Каменское хотууд нь тухайн хотыг бий болгож, эдийн засгийг нь авч явдаг томоохон үйлдвэрүүдээс ихээхэн хамааралтай. Эдгээр нь “Запорожсталь”, “АрселорМиттал Кривой Рог” болон “Каметсталь” үйлдвэрүүд аж.
Эдгээр үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогсвол орон нутгийн иргэд цалингийн орлогогүй болж, харин бүс нутгийн төсвүүд татварын орлогоо алдах эрсдэлтэй юм байна.
Эх сурвалж: DW