Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский есдүгээр сарын 20-ны ням гаргийн орой Telegram хуудсаараа дамжуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярилцсан бөгөөд тэд Нью-Йоркт уулзахаар тохиролцсон гэж мэдээлжээ. Зеленский энэ уулзалт нь Украинд энх тайвныг тогтоох үйл явцын хувьд “олон зүйлийг өөрчилж магадгүй” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Зеленский Трампад түүний тусгай төлөөлөгчид болох Стивен Уиткофф, Жаред Кушнер нар саяхан Киевт айлчилсанд талархал илэрхийлжээ. Тэрбээр уг айлчлалын талаар ярихдаа “Бид чухал асуудлуудын нарийн ширийн зүйлийг нэлээд дэлгэрэнгүй ярилцсан. Тэд Украины нөхцөл байдлыг газар дээр нь харж, ойлгож чадсан. Энх тайвны зам бол нэгдүгээрт тавигдах тэргүүлэх зорилт” гэж хэлсэн байна.

Мөн Зеленский Оросын эсрэг хориг арга хэмжээний дарамтыг нэмэгдүүлэх боломжийг олгож буй “Линдси Грэмийн хууль”-д гарын үсэг зурсанд Трампад талархал илэрхийлжээ. Уг хуулиар ОХУ-д үзүүлэх хоригийн дарамтыг цаашид нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа аж.

Үүний зэрэгцээ Зеленский Киевт хурцадмал байдлыг намжаах тодорхой алхмууд болон аюулгүй байдлын үндсэн асуудлуудтай холбоотой өөрсдийн санаачилгууд бий т алаар мэдэгджээ. Түүний дурдсанаар, эдгээрт эрчим хүчний аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал болон хүмүүсийн амь насыг хамгаалах асуудлууд багтсан байна.

Зеленский “Бид Америкийн багтай хамтран ажиллаж байгаа бөгөөд үнэхээр дорвитой алхам хийхэд бэлэн байна” гэж нэмж хэлжээ. Гэхдээ Украины Ерөнхийлөгч Трамптай яг хэдний өдөр уулзахаа тодорхой хэлээгүй байна. Мөн уг мэдээлэл нийтлэгдэх үед АНУ-ын Ерөнхийлөгч Трамп өөрөө Зеленскийтэй Нью-Йоркт уулзахаар төлөвлөж байгаа талаар албан ёсоор мэдэгдээгүй байжээ.

Зеленский Уиткофф, Кушнер нартай Киевт уулзсан нь

Владимир Зеленский есдүгээр сарын 6-нд Киев хотноо Стивен Уиткофф болон Жаред Кушнер нартай уулзсан байна. Энэ нь Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдсоноос хойш түүний тусгай төлөөлөгчид Украинд хийсэн анхны айлчлал болжээ.

Үүнээс нэг өдрийн өмнө буюу есдүгээр сарын 5-нд Жаред Кушнер болон Стивен Уиткофф нар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Кремльд гурван цагийн турш уулзаж, хэлэлцээ хийсэн байна.

Уг уулзалтуудын дараа Владимир Зеленский Америкийн цахим хэвлэл Axios-т өгсөн ярилцлагадаа Америкийн талаас өөрт нь өгсөн гол мэдээлэл бол “Оросууд хэлэлцээр хийхэд бэлэн байна” гэсэн агуулгатай байсан гэж мэдэгджээ.

Гэвч Украины Ерөнхийлөгч энэ мэдээлэлд болгоомжтой хандаж буйгаа илэрхийлсэн байна. Учир нь, түүний үзэж буйгаар Оросын байлдааны талбар дахь үйл ажиллагаа болон сүүлийн үеийн довтолгоонуудын эрчимжилт Москва буулт хийхэд бэлэн буйг харуулахгүй байгаа аж.

Тухайн ярилцлагын үеэр Зеленский өвөл эхлэхээс өмнөх хэдэн долоо хоногийг дипломат ажиллагаанд ашиглах боломжтой цонх үе гэж үзэж байгаагаа хэлжээ. Тэрбээр мөн “Надад нэг зүйл мэдрэгдэж байгаа нь Путинд Трамп хэрэгтэй байна. Тэр Трампыг... гонсойлгохыг хүсэхгүй байгаа” гэж хэлсэн байна.

Зеленскийн тайлбараас харахад, Киев одоогийн байдлаар АНУ-тай энх тайвны дипломат үйл явцыг үргэлжлүүлэх, аюулгүй байдлын асуудлуудыг хэлэлцэх, мөн ОХУ-д үзүүлэх эдийн засгийн дарамтыг нэмэгдүүлэх чиглэлд Вашингтонтой хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхийг зорьж буй аж.

Харин Орос хэлэлцээр хийхэд бэлэн эсэх асуудал дээр талуудын байр суурь болон үнэлгээ одоогийн байдлаар зөрүүтэй хэвээр байна.

Эх сурвалж: DW