Бид харшлыг ихэвчлэн хүүхэд наснаас, бүр төрөхөөс өмнө тогтсон удамшлын хүчин зүйлтэй холбоотой гэж ойлгодог. Гэвч харшлын эмч Келли Коласын хэлснээр, ямар ч хүн амьдралынхаа аль ч үед шинэ харшилтай болж болдог байна.
Харшил амьдралын аль ч үед, тэр дундаа насанд хүрсэн хойно ч гэнэт илэрч болох аж. Ямар ч шалтгаангүй мэт санагдах эдгээр өөрчлөлтийн цаана юу байдгийг судлаачид улам бүр тодорхой болгосоор байна. Тухайлбал, хачигт хазуулах, дааврын огцом өөрчлөлт, вирусын халдвар зэрэг урьдчилан таамаглаагүй хүчин зүйлс шинэ харшил үүсэхэд нөлөөлж болохыг судалгаанууд харуулжээ.
Ковид-19-ийн “өдөөх товч”
Зарим хүн харшилд өртөмтгий байх удамшлын урьдал нөхцөлтэй төрдөг байна. АНУ-ын Иллинойс муж дахь Northwestern их сургуулийн Хүнсний харшил, астма судлалын төвийн захирал Рүчи Гупта "Харшил зөвхөн генетиктэй холбоотой биш" гэж тайлбарлажээ. Ихэнх тохиолдолд “ямар нэг зүйл харшлыг өдөөж өгдөг” аж.
Тэдгээрийн нэг нь Ковид-19 байж болох бөгөөд коронавирусын халдвар нь дархлааны тогтолцоонд өөрчлөлт оруулж, улмаар шинэ харшил үүсэхэд нөлөөлж болзошгүй юм байна.
2026 онд хийсэн нэгэн судалгаагаар, Ковид-19-өөр өвчилсөн хүмүүс харшлын гаралтай ринит буюу улирлын харшил, мөн астма өвчнөөр өвчлөх эрсдэл харьцангуй өндөр байгааг тогтоожээ.
Шведийн Каролинскагийн институтийн арьсны эмч, судалгааны хамтран зохиогч Филип Курман “Халдвар авсан хүмүүсийн эрсдэл нэмэгдсэн бол вакцин хийлгэсэн хүмүүсийн эрсдэл буурсан” гэж тайлбарласан байна.
Ковид-19-ийн үед дархлааны тогтолцоо хэт идэвхжиж, үрэвслийн урвалыг нэмэгдүүлэх боломжтой. Тэр дундаа харшлын өвчинтэй холбоотой үрэвслийн тодорхой хэлбэрүүд идэвхжиж болох аж.
Амьсгалын замын синцитиал вирус буюу RSV, мөн ханиад үүсгэдэг риновирус зэрэг бусад вирус ч үүнтэй төстэй нөлөө үзүүлж болохыг өмнөх судалгаанууд, ялангуяа хүүхдүүдийн дунд хийсэн судалгаанууд харуулсан байна.
Ийм халдварын дараа харшил үүсэх нь заримдаа өвчний шууд бус үр дагавар байж болно гэж Гупта тайлбарлажээ. Түүний хэлснээр, вирусын эсрэг тэмцэж байх үед дархлааны тогтолцоо хэдийнэ хэт ачаалалтай болсон байдаг аж.
Тэр “Таны бие вирусын эсрэг тэмцэж байх үед ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүн, хүрээлэн буй орчны харшил үүсгэгчтэй зэрэгцвэл дархлааны тогтолцоо ‘Энэ чинь бас юу вэ? Бүгдийг нь устга’ гэсэн мэт хариу үйлдэл үзүүлж болдог” хэмээн тайлбарласан байна.
Дархлааны тогтолцооны “төөрөгдөл”
Хачирхалтай нь, зарим өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг эмчилгээ өөрөө харшил үүсэхэд нөлөөлж болзошгүй аж. Тухайлбал, антибиотикийн хэрэглээ дараа нь харшил үүсэх эрсдэл нэмэгдүүлж болохыг судалгаанууд харуулжээ.
Харшлыг өдөөгч хүчин зүйлсийг судалсан Гуптагийн үзэж буйгаар, антибиотик нь хүний гэдсэнд оршин байдаг асар олон төрлийн бичил биетний тэнцвэрийг алдагдуулдагтай холбоотой байж болох нь.
Гэдэсний бичил биетний орчин буюу микробиомын талаар эрдэмтэд одоогийн байдлаар бүрэн ойлголттой болоогүй ч хүний эрүүл мэндийн олон үйл явц, тэр дундаа дархлааны тогтолцооны үйл ажиллагаанд чухал үүрэгтэй нь тодорхой болжээ.
Антибиотикийн улмаас энэхүү бичил орчны тэнцвэр алдагдвал дархлааны тогтолцоо “төөрөгдөж”, угтаа ямар ч хоргүй бодисыг биед аюул учруулах зүйл хэмээн буруу таньж, устгах шаардлагатай “дайсан” гэж хүлээн авч болзошгүй аж.
Жирэмслэлт ба дааврын өөрчлөлт
Вашингтоны их сургуулийн харшлын эмч Келли Колас "Жирэмслэлт нь мөн дархлааны тогтолцоонд асар их өөрчлөлт авчирдаг. Энэ нь харшилд ч нөлөөлж болно" гэж тайлбарлажээ.
Түүний хэлснээр, хүрээлэн буй орчны харшилтай байсан эмэгтэйчүүдийн ойролцоогоор гуравны нэгийнх нь харшлын шинж тэмдэг жирэмсэн болсны дараа сэдэрдэг байна.
Мөн өмнө нь ямар нэгэн харшилтай байгаагүй жирэмсэн эмэгтэйд найтаах, хамар битүүрэх, нус гоожих зэрэг харшилтай төстэй шинж тэмдэг илрэхийг “жирэмсний ринит” гэж нэрлэдэг.
Гэхдээ жирэмсний ринит нь жинхэнэ харшил биш байх магадлалтай бөгөөд түр зуурын эмгэг аж. Үүний гол ялгаа нь хүүхэд төрсний дараа шинж тэмдэг ихэвчлэн арилдагт оршдог байна.
Яагаад ийм зүйл болдгийг эрдэмтэд бүрэн тайлбарлаж чадаагүй ч дааврын өөрчлөлттэй холбоотой гэж үздэг. Эмэгтэй хүний нөхөн үржихүйн гол даавар болох эстроген болон прогестерон нь дархлааны тогтолцоотой харилцан үйлчилдэг нь хэдийнэ тодорхой болсон.
Судалгаагаар, эмэгтэйчүүд цэвэршилтийн үед буюу дааврын өөр нэг томоохон өөрчлөлтийн үе шатанд шинэ харшилтай болох боломжтойг ч харуулжээ. Колас “Эдгээр даавар бараг бүх зүйлд нөлөөлж чаддаг” гэж хэлжээ.
Өвсөн дунд нуугдсан харшлын шалтгаан
Хойд Америкт тархсан lone star буюу нэг одот хачигт хазуулах нь мөн санаанд оромгүй харшлын шалтгаан болдог байна. Тодруулбал, улаан махны харшил үүсгэж болох нь.
2007 онд АНУ-ын Виржиниагийн их сургуулийн профессор Томас Платтс-Миллс Лондонд аялж байхдаа оройн хоолонд хонины мах, франц дарс хэрэглэжээ. Тэр шөнө зочид буудалдаа унтаж байтал гэнэт сэрсэн байна.
Тэр “Шөнийн 02:30 цагт сэрсэн. 03:00 гэхэд бүх биеэр минь тууралт гарчихсан байсан” хэмээн дурсжээ.
Платтс-Миллсийн хувьд бусдаас илүү энэ хачирхалтай явдлын учрыг олох боломж байсан аж. Учир нь, тэр үед түүний лабораторийн баг АНУ-д олон жил мах хэрэглэсэн хүмүүс яагаад гэнэт улаан махны харшилтай болсныг судалж байжээ.
Тухайн үед Платтс-Миллс нэгэн таамаг дэвшүүлсэн байна. Эдгээр хачирхалтай харшил хачигт хазуулсны дараа үүссэн байж болох аж.
Түүний өөрийнх нь тохиолдол ч энэ таамгийг бататгасан байна. Тэрээр хэдэн сарын өмнө явган аялал хийх үеэрээ авгалдай хачигт олон удаа хазуулсан байжээ. Дараа нь цусны шинжилгээгээр харшилтай холбоотой эсрэг биетийн хэмжээ өндөр гарсан байна. Харин хонины мах идсэний дараа бүх биеэр нь тууралт гарчээ.
Ийнхүү Платтс-Миллсийн тохиолдол өнөөдөр альфа-галын хам шинж гэж нэрлэгддэг харшлын эмгэгийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Платтс-Миллс "Хачигны шүлсэнд альфа-гал хэмээх чихрийн молекул агуулагддаг. Энэ бодисыг хүнээс бусад ихэнх хөхтөн амьтан байгалиасаа үүсгэдэг. Харин хүн төрөлхтөн үүнийг ойролцоогоор 10 сая жилийн өмнө үүсгэх чадвараа алдсан" гэж тайлбарлажээ.
Иймээс хүн хачигт хазуулах үед альфа-галын молекул биед орж, дархлааны тогтолцоо үүнийг аюултай бодис хэмээн хүлээн авч болно. Үүний дараа хүн альфа-гал агуулсан хүнсний бүтээгдэхүүн, тухайлбал үхэр, хонь зэрэг хөхтөн амьтны мах идэхэд дархлааны урвал явагдаж, тууралт, хавдар, хоол боловсруулах эрхтний зовиур зэрэг харшлын шинж тэмдэг илэрч болно.
АНУ-д альфа-галын хам шинжийн онош нэмэгдэж байгаа бөгөөд үүнд нэг одот хачиг газарзүйн хувьд улам өргөн тархаж байгаа нь нөлөөлж байна. Засгийн газрын мэдээллээр 2017-2022 онд АНУ-д 90 мянга гаруй хүн альфа-галын хам шинжийн онош авчээ.
Гэнэт үүссэн харшлыг эмчлэх боломжтой юу?
Жирэмсний ринит хүүхэд төрсний дараа ихэвчлэн арилдаг ч амьдралын явцад шинээр үүссэн бусад харшлын хувьд нөхцөл байдал өөр байж болно.
Өвчний дараа, хачигт хазуулсны дараа эсвэл ямар ч тодорхой шалтгаангүйгээр үүссэн шинэ харшил удаан хугацаанд үргэлжлэх, бүр байнгын болох тохиолдол бий.
Тоосонцор, газрын самар, тоос шороо эсвэл нохой зэрэгт харшилтай эсэхээс үл хамааран үндсэн механизм нь ерөнхийдөө ижил.
Харшил гэдэг нь хүний биед хоргүй байх ёстой бодисыг дархлааны тогтолцоо аюултай гаднын биет хэмээн буруу таньж, түүнд хариу үйлдэл үзүүлэх үзэгдэл юм. Үүний улмаас бие организм эсрэг биет хэмээх дархлааны уураг их хэмжээгээр үүсгэнэ.
Ингэснээр хамар гоожих, нүд загатнах зэрэг хөнгөн шинж тэмдэг илэрч болохоос гадна хүнд тохиолдолд амь насанд аюултай анафилаксийн шок ч үүсч болно.
“Дархлааны тогтолцоо тухайн бодисыг муу зүйл гэж таньж, түүнд зориулсан эсрэг биет үүсгэчихдэг. Үүний дараа таны бие тэр бодистой дахин дахин таарах бүрд дархлааны тогтолцоо шууд довтолж эхэлнэ” гэж Гупта тайлбарлажээ.
Хэрэв харшил тодорхой шалтгаантай, тухайлбал өвчний улмаас үүссэн үрэвсэл эсвэл антибиотикийн дараах гэдэсний микробиомын өөрчлөлттэй холбоотой бол үүнийг урьдчилан сэргийлэх, тодорхой хэмжээнд бууруулах боломж байж болохыг судлаачид хэлж байна.
Жишээлбэл, Гупта антибиотик хэрэглэж буй хүмүүст пробиотик, пребиотик, тараг болон исгэсэн хүнс хэрэглэхийг зөвлөж байна. Эдгээр нь гэдэсний бичил биетний олон янз байдал, эрүүл байдлыг дэмжихэд тустай гэж үздэг.
Мөн вирусын халдварын үед бие махбодод үүсэх үрэвслийг хэт хөөрөлд хүргэхгүй байх нь хожим үүсэж болох астма зэрэг хоёрдогч эмгэгээс сэргийлэхэд нөлөөлөх эсэхийг судлах шаардлагатай гэж Курман үзэж байна.
Дархлааны тогтолцооны үйл ажиллагааг зохицуулах эмчилгээ нь харшил шинээр үүссэн болон удаан хугацаанд харшилтай байсан хүмүүсийн аль алинд нь ирээдүйтэй чиглэл болж байна.
Тухайлбал, астма өвчнийг эмчлэхэд олон жил хэрэглэж ирсэн Xolair эм нь сүүлийн жилүүдэд хүнсний харшлын урвалыг бууруулахад үр дүнтэй болох нь тогтоогджээ. Уг эм нь дархлааны тогтолцоонд нөлөөлж, хэт хүчтэй харшлын урвал үүсэхээс сэргийлэх зарчмаар үйлчилдэг.
Үүнээс гадна судлаачид дархлааны тогтолцоог харшил үүсгэгч бодист хэт хүчтэй хариу үзүүлэхгүй байхаар “дахин сургах” бусад аргыг ч судалж байна. Үүнд дархлааны хариу урвалыг хянаж сурахад чиглэсэн вакцины технологи, мөн харшил үүсгэгчийг шууд саармагжуулах эсрэг биетэд суурилсан эмчилгээ багтаж байна.
Гэсэн хэдий ч одоогоор гэнэт шинээр үүссэн харшлыг бүрэн арилгах баталгаатай арга байхгүй гэж Гупта хэлжээ.
Гэхдээ судалгааны ахиц хурдацтай үргэлжилж байна. “Би хүнсний харшлыг 20 жилийн турш судалж байна. Ийм их ахиц дэвшил гарч байгааг харах үнэхээр сэтгэл хөдөлгөм үе ирлээ” хэмээн тэр ярьсан байна.
Эх сурвалж: BBC