Улстөрчийн өөрийн нийтэлсэн дүрс бичлэгээс үзэхэд, үл таних эр Унгарын Ерөнхий сайд Петер Мадьярын нүүр рүү дарс цацсан байна.
Улстөрчийн Facebook хуудаст нийтлэгдсэн бичлэгт дунд эргэм насны үл таних эр ресторанд сууж байхдаа хундагатай дарсаа Мадьярын нүүр рүү цацаж буй нь харагджээ. Улмаар уг этгээдийг хамгаалалтын ажилтнууд Ерөнхий сайдаас холдуулан авч явсан байна.
Будапештэд үл таних эр Унгарын Ерөнхий сайд руу нулимжээ
Унгарын Ерөнхий сайд Петер Мадьяр өмнө нь буюу долдугаар сард Будапешт хотод явж байхдаа үл таних эрийн халдлагад өртжээ. Тус үйл явдлын дүрс бичлэгийг Унгарын хэвлэлүүд нийтэлсэн байна.
Дүрс бичлэгээс үзэхэд, Мадьяр Унгарын Тээвэр, хөрөнгө оруулалтын сайд Давид Витезитэй хамт Будапештийн Баруун вокзалын орчимд төмөр замын хөгжлийн төлөвлөгөөг танилцуулахаар явж байх үед нэгэн эр түүнийг дуудаж, улмаар араас нь пиджак руу нь нулимсан байна.

Мадьяр болсон явдлын дараа эргэж харан, тухайн хүнд “Эрүүл энхийг хүсье” хэмээн хэлжээ.
Дараа нь болсон хэвлэлийн бага хурлын үеэр Унгарын Ерөнхий сайд уг үйл явдлын талаар ярихдаа “Ийм эх орон нэгтнүүдээ тайвшруулах хэрэгтэй. Учир нь, тэдний зүрх сэтгэлд үзэн ядалт одоо ч амь бөх байсаар байна” хэмээн хэлсэн байна.
Харин Унгарын аюулгүй байдлын шинжээч Петер Тарьяни энэ явдал нь Мадьярын хамгаалалтын алба ажиллагаандаа алдаа гаргасныг харуулж байна гэж үзжээ.
Эх сурвалж: RIA NOVOSTI