ОХУ-ын цэргүүд есдүгээр сарын 19-нд Украины Сумы мужийн Шостка дүүрэгт автомашин руу FPV дроноор цохилт өгсний улмаас дөрвөн хүн амиа алджээ. Энэ талаар Сумы мужийн Цэргийн захиргааны дарга Олег Григоров мэдээлсэн байна.
Амиа алдсан хүмүүсийн дунд 58 настай эрэгтэй, 56 настай эмэгтэй гэр бүлийн хос, 45 настай эрэгтэй, 76 настай эмэгтэй байжээ. Мөн өмнөх орой Сумы хотын орон сууцны барилга цохилтод өртөж, шархадсан хүний тоо 10-д хүрч, таван хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Шархадсан хүмүүсийн гурав нь хүүхэд бөгөөд долоон настай хүү эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй юм байна. Түүний эцэг, эх хотын захиргааны ажилтнууд байсан бөгөөд халдлагын үеэр амиа алджээ.
Херсон мужийн Берислав дүүргийн Нововоронцовка сууринд болсон их бууны цохилтын улмаас нэг эмэгтэй амиа алдсан байна. Мөн тус дүүргийн Львовские Отрубы тосгонд ОХУ-ын дроны цохилтын улмаас 62 настай эмэгтэй амиа алджээ.
Днипр хотод ОХУ-ын цохилтын дараа “Новый континент” худалдааны төвд хүчтэй гал гарч, хэд хэдэн хүн шархаджээ. Мөн агуулах, орон сууцны барилгууд эвдэрсэн байна. Днипропетровск мужид есдүгээр сарын 19-нд дрон болон их буугаар нийтдээ 40 орчим удаа халдсан гэж мужийн захиргаа мэдээлжээ.
Харьков мужийн Балаклея хотод болсон пуужингийн цохилтын улмаас 14 настай өсвөр насны хүүхэд шархдаж, хувийн таван орон сууц, хоёр дэлгүүр болон бусад барилга байгууламжууд эвдэрсэн байна.
Запорожье хотод FPV дроноор хийсэн халдлагын улмаас автомашин, зам болон бусад объектууд өртжээ. Нэг дрон ачааны автомашинд онож, жолооч шархадсан тул эмнэлэгт хүргэгджээ. Мөн Киев мужийн Фастов дүүрэгт нэг эмэгтэй шархадсан бол Обухов дүүрэгт хувийн байшин эвдэрсэн байна.
Эх сурвалж: DW