Казахстан улсад үргэлжилж буй “PGL Astana 2026” тэмцээний үеэр Монголын “The MongolZ” багт зориулсан онцгой хүндэтгэлийн арга хэмжээ болж, Азийн цахим спортын түүхэнд шинэ хуудас нээсэн амжилтыг нь олон улсын тавцанд дахин үнэллээ.
Тэмцээний хөтлөгч, цахим спортын нэрт тайлбарлагч Жеймс “BanKs” Бэнкс өөрийн нэвтрүүлэгт “The MongolZ” багийн тоглогчдыг урьж оролцуулан, тэдний гаргасан түүхэн амжилтыг онцлон тэмдэглэжээ. Тэрбээр багийн залууст хүндэтгэл үзүүлж, тусгайлан урласан дурсгалын алтан бөгж гардуулсан байна.
Жеймс Бэнкс шагнал гардуулах үеэрээ “The MongolZ” баг 2025 оны есдүгээр сард “Valve Corporation”-ийн дэлхийн чансааг тэргүүлсэн нь зөвхөн Монголын төдийгүй Азийн цахим спортын түүхэн дэх хамгийн том амжилтуудын нэг болсныг онцолсон байна. Ингэснээр “The MongolZ” дэлхийн чансааны оргилд хүрсэн Азийн анхны баг болж, дэлхийн esports-ийн ертөнцөд шинэ эрин эхлүүлсэн билээ.

Түүхэн амжилтыг илэрхийлсэн онцгой шагнал
Багийн гишүүдэд гардуулсан дурсгалын бөгж нь өвөрмөц хийц, өндөр үнэ цэнээрээ онцлог ажээ. Үүнд:
- Бөгжийг бүхэлд нь 9 каратын алтаар урласан
- Байгалийн хар алмаазаар чимэглэсэн
- Нүүрэн хэсэгт “The MongolZ” багийн логог товойлгон шигтгэжээ.
Энэхүү бөгж нь зөвхөн шагнал төдий бус, Монголын залуусын хөдөлмөр, тууштай байдал, дэлхийн тавцанд гаргасан түүхэн амжилтын бэлгэдэл болж үлдэж буй юм.
Өнөөдрийн байдлаар “The MongolZ” баг дэлхийн чансааны эхний тавд бичигдэж, олон улсын шилдэг багуудын эгнээнд байр сууриа баттай хадгалсаар байна.
Монголын цахим спортын хөгжилд шинэ үеийг эхлүүлсэн тус багийн амжилт дэлхий дахины анхаарлыг татаж, Азийн esports-ийн өнгийг тодорхойлох хэмжээнд хүрснийг энэхүү хүндэтгэл дахин баталлаа.

