Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран зохион байгуулж буй 20 дахь жилийн 40 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” өнөөдөр Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ.
“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу уламжлал болгон зохион байгуулдаг тус арга хэмжээг энэ сарын 18-наас 20-ны өдрүүдэд улс орон даяар тэмдэглэж байна.

Номын баярт оролцогчдын 70 гаруй хувь нь 17-24 насныхан
Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ном бол хүн төрөлхтний оюун санаа, мэдлэг, үнэт зүйлсийг үеэс үед өвлүүлэн үлдээдэг соёлын үнэт өв болохыг онцоллоо.
Тэрбээр “Номын баяр зөвхөн ном бүтээх, хэвлэн нийтлэх, худалдаалах, сурталчлах үйл ажиллагаа бус, ном унших, мэдлэг боловсролыг эрхэмлэх, эх хэл, үндэсний бичиг соёлоо дээдлэн өвлүүлэх үйл хэрэг юм” хэмээн тодотгосон юм.

Тэрбээр "Энэ удаагийн номын баярт хүрэлцэн ирж буй зочдын 70 гаруй хувь нь 17-24 насныхан байгаа нь залуусын ном унших сонирхол, номын соёлд оролцох оролцоо нэмэгдэж байгааг харуулж байна" хэмээн хэлэв.
Мөн энэ жилийн баярт Монголын утга зохиол, урлаг соёлын төлөөлөл, эрдэмтэн мэргэдээс гадна Энэтхэг, БНСУ, БНХАУ, Япон, Киргиз зэрэг 13 орны 30 гаруй хэвлэн нийтлэгч, утга зохиолын салбарын төлөөлөгч оролцож буйгаараа онцлог юм.
Жилээс жилд өргөжин тэлж буй номын баяр нь дотоод, гадаадын зохиолч, орчуулагч, ном бүтээгчид шинэ бүтээлээ уншигчдад танилцуулах, харилцан туршлага солилцох томоохон талбар болж байна.
“Улаанбаатар грант” бий болгожээ
Номын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулж буй зохиолч, уран бүтээлч, хэвлэн нийтлэгчдийг дэмжих зорилгоор “Улаанбаатар грант” шагнал бий болгосныг нээлтийн үеэр мэдээллээ.
Мөн хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлээс номын сангийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй ажлын хүрээнд Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн шинэ барилгыг ирэх сард нээхээр бэлтгэл хангаад байгааг хэлсэн юм.
Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бичиг баримт, хяналт шинжилгээний газрын дарга С.Янжинсүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг уншиж сонсгов.
Ерөнхийлөгчийн илгээлтэд номыг хүн төрөлхтний түүхэнд бүтээгдсэн хамгийн агуу өв, оюун ухааны дээд ундарга хэмээн тодорхойлоод, цахим шилжилтийн эрин үед ном унших соёл, номын үнэ цэнийг хадгалан хамгаалах нь төр, гэр бүл, хувь хүний хамтын үүрэг болохыг онцолжээ.
Түүнчлэн цахим орчны олон төрлийн мэдээллээс илүүтэй ном бүтээлээс олж авах эмх цэгцтэй мэдлэг нь хүний оюуны хүрээг тэлж, бүтээлч болон шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэсэн байна.
Г.Занданшатар: Номын баяр бол оюуны дархлааны баяр
Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар нээлтийн үеэр “Сүхбаатарын талбай номын соёлоор амьсгалж, оюуны түүчээгээр өртөөлж байна” хэмээн онцоллоо.
Тэрбээр номын баярыг зөвхөн номын үзэсгэлэн, худалдаа бус, Монголын оюуны дархлаа, гүн сэтгэлгээ, эх хэлний тусгаар тогтнолыг дээдлэх үйл явдал хэмээн тодорхойлсон юм. Мөн хиймэл оюун ухаан хүний сэтгэлгээтэй зэрэгцэн хөгжиж буй өнөө үед ном уншихын ач холбогдол улам бүр нэмэгдэж байгааг онцоллоо.
Гурван өдрийн турш олон төрлийн арга хэмжээ зохион байгуулна
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” гурван өдрийн турш үргэлжилнэ. Энэ үеэр:
- Зохиолчдын хэсэг
- Гадаад оролцогчдын гудамж
- Хэвлэлийн газруудын тусгай гудамж
- Залуу хэвлэн нийтлэгчдийн “Indie Street”
- Зурагт номын гудамж тус тус ажиллана.
Мөн зохиолч, уншигчдын уулзалт, шинэ номын нээлт, гарын үсэгтэй худалдаа, хүүхдийн номын уншлага, шатрын тэмцээн, урлагийн тоглолт зэрэг олон талт арга хэмжээ зохион байгуулахаар болжээ.
Үүнээс гадна “Мэргэн ном” цом гардуулахын зэрэгцээ энэ жилийн “Улаанбаатар грант” шагналын эзнийг тодруулна. Мөн олон улсын Business-to-Business уулзалт зохион байгуулж, байгууллага, компаниудын төлөөлөл хамтын ажиллагаа, түншлэл, бизнесийн боломжийн талаар хэлэлцэх юм.

Номын баяр 2007 оноос эхлэлтэй
Монголд номын баярыг 2007 оноос эхлэн зохион байгуулж, 2012 оноос “Номын баярын өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн байна.
Улмаар 2021 онд хуульчилж, жил бүрийн 5, 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг улс орон даяар тэмдэглэх болсон юм. Харин 2024 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж эхэлжээ.
Ийнхүү энэ жилийн номын баяр нь үндэсний бичиг соёл, ном хэвлэлийн салбарын төлөөлөгчид, зохиолч, орчуулагч, уншигчид нэг дор цуглаж, шинэ бүтээлтэй танилцах, үзэл санаа, туршлагаа хуваалцах гурван өдрийн томоохон соёлын арга хэмжээ болж байна.
