ОХУ-ын Батлан хамгаалах яам "Оросын цэргийн хүч Украины нутаг дэвсгэрт үргэлжилж буй дайны ажиллагааны хүрээнд энэ оны эхнээс 5,300 гаруй км² газар нутаг болон 220 гаруй суурин газрыг хяналтдаа авсан" гэж мэдэгджээ.
Тус яамны мэдэгдэлд дурдсанаар, Оросын цэргүүд фронтын бүх чиглэлд давшилтын хурдаа нэмэгдүүлж байгаа бөгөөд зөвхөн есдүгээр сард 27 суурин газар Оросын хяналтад орсон байна.
Оросын талын мэдээлснээр, фронтын чиглэлүүдэд “Центр”, “Юг” бүлэглэлүүд Славянск, Краматорск, Дружковкагийн чиглэлд давшиж, Добропольегийн төлөө тулалдаж байгаа аж.
ОХУ-ын Батлан хамгаалах яам “Север” бүлэглэл Харьков мужийн зүүн хойд хэсэгт бүслэгдсэн Украины цэргийн хүчний бүрэлдэхүүнтэй тулалдаж байгаа бөгөөд Украины талын хяналтад байсан нутаг дэвсгэр 152 км²-ээр багассан талаар мэдэгджээ.
“Восток”, “Днепр” бүлэглэлүүд Запорожийн чиглэлд урагшилж, Орехов хотын төвийн хэсгүүдэд байлдаан үргэлжилж байна гэж мэдээлжээ.
“Запад” бүлэглэл Червоный Оскол, Крымки, Студенок суурин газруудад довтолж, Красный Лиман болон Святогорск хотуудад орон сууцны хорооллуудын төлөөх байлдаан үргэлжилж байгаа аж.
ОХУ-ын Батлан хамгаалах яам мөн "Украины тал өөрийн цэргийн ажиллагааг томоохон амжилт мэтээр харуулах, фронтын санаачилгыг гартаа авсан гэсэн ойлголт төрүүлэх зорилгоор “идэвхтэй мэдээллийн кампанит ажил” явуулж байна" гэж мэдэгдсэн байна.
Түүнчлэн тус яамны мэдээлснээр, Украины командлал 3 дугаар тусдаа штурмын бригадын хамгийн сайн бэлтгэгдсэн хүчнүүдийг байлдаанд оруулжээ.
Оросын талын тайлбараар, Украины жижиг штурмын бүлгүүд фронтын шугамын ойролцоо Оросын хамгаалалтын байрлалыг нэвтрэхийг оролдож буй ч их хэмжээний хүн хүчний хохирол амсаж, зорилгодоо хүрч чадахгүй байгаа аж.
Эх сурвалж: RIA NOVOSTI