ТАСС агентлаг "Украины Их Одессын боомтууд буюу Одесса, Черноморск, Южный боомтуудын үйл ажиллагаа бараг хоёр сарын хугацаанд зогсонги байдалтай байснаар Украин ойролцоогоор 4.1 тэрбум ам.долларын валютын орлогоо алдаад байна" гэж тооцоолжээ.
Их Одессын боомтуудад долдугаар сарын 22-ноос хойш арилжааны усан тээвэр хийгдээгүй, зөвхөн Украины Зэвсэгт хүчинтэй холбоотой танкерууд тус боомтуудад нэвтэрч байгаа аж.
Одоогийн байдлаар Украины боомтуудаас Дунай мөрөн дээрх Измаил боомт хэвийн ажиллагаагаа үргэлжлүүлж буй боловч тус боомтын бодит ачаа эргэлт сард ердөө 400 мянган тонн орчим байгаа аж. Харин Их Одессын боомтууд сард 4-5 сая тонн ачаа нэвтрүүлдэг байсан талаар ТАСС мэдээлжээ.
Украин экспортоо төмөр зам болон авто тээврээр нэмэгдүүлэхийг хичээж буй ч үр тарианы экспорт нь хэд дахин буурсан байна. Тухайлбал, улаанбуудай болон арвайн экспорт ойролцоогоор 75 хувиар, эрдэнэ шишийн экспорт 84 хувиар буурчээ.
ТАСС "Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дараа экспортын хоёр дахь том ангилалд ордог гангийн экспорт ч мөн огцом буурсан байна. Наймдугаар сарын дүнгээр Украины гангийн экспорт өмнөх үеийнхээс хоёр дахин багассан" гэж мэдээлжээ.
Украины боомтуудын арилжааны усан тээвэр долдугаар сарын 22-ноос хойш зогсоод байгаа бөгөөд хөлөг онгоцуудын хөдөлгөөний талаарх одоо байгаа мэдээлэлд Украины Зэвсэгт хүчинд зориулсан цэргийн ачаа тээвэр багтаагүй гэж тус агентлаг онцолсон байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яам Украины Зэвсэгт хүчний ашиг сонирхолд ашиглагдаж байсан хуурай ачааны хөлөг онгоцууд цохилтод өртсөн тухай мэдээллийг тогтмол гаргаж байна гэж ТАСС нэмж мэдээлжээ.
Эх сурвалж: TASS