Сүүлийн өдрүүдэд баавгай суурьшлын бүсэд орж ирэх тохиолдол нэмэгдэж байгаа тул албаныхан иргэдэд сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ерөө голын орчимд нутаглаж байсан малчин айлын гэр рүү өнгөрсөн шөнө баавгай халджээ. Тухайн үед айлынхан гэртээ байсан эсэх болон хохирлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоогийн байдлаар гараагүй байна.
Зэрлэг амьтад идэш тэжээл хайх үедээ суурьшлын бүс, айл өрхийн ойролцоо орж ирэх эрсдэл нэмэгддэг. Тиймээс иргэд хоол хүнс, малын сэг зэм зэрэг баавгай татах зүйлсийг ил задгай орхихгүй байх шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.

Баавгайнаас сэргийлэхийн тулд:
- Гэр, өвөлжөө, хаваржааны ойролцоох малын сэг зэмийг нэн даруй холдуулах, боломжтой бол булах;
- Хадлан, тэжээл бэлтгэх болон жимс, самар түүхээр хөдөө орон нутагт явахдаа хоол хүнсний хог хаягдлыг ил задгай орхихгүй, сайтар битүүмжлэх;
- Боломжтой бол ой мод ихтэй, баавгай үзэгдэх эрсдэлтэй газраар ганцаараа зорчихгүй байх;
- Баавгай болон зэрлэг амьтны мөр, сэг зэм зэрэг шинж тэмдэг илэрвэл тухайн орчимд болгоомжтой зорчихыг албаныхан санууллаа.
Харин суурьшлын бүсэд баавгай үзэгдсэн тохиолдолд өөрсдөө хөөж туух, ойртох, зураг авах гэж дагахгүй байх нь хамгийн чухал юм. Ийм тохиолдолд иргэд яаралтай холбогдох байгууллагад мэдээлж, бусдын аюулгүй байдлыг хангахад анхаарахыг зөвлөж байна.
📞 Нийслэлийн Байгаль орчны газар: 7272-0303
📞 Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төв: 1131-0005
Баавгай бол зэрлэг амьтан учраас ойртох, хоол өгөх, үргээх гэж оролдох нь эрсдэлтэй. Харсан тохиолдолд аюулгүй зайд холдож, мэргэжлийн байгууллагад нэн даруй мэдэгдээрэй.