АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Дани улстай Гренландын “аюулгүй байдлыг хангах” асуудлаар тохиролцоонд хүрсэн" гэж мэдэгдлээ.
Цагаан ордны тэргүүн есдүгээр сарын 18-ны баасан гаргийн орой өөрийн Truth Social хуудастаа "Уг тохиролцоо нь АНУ-д 'Гренландын аюулгүй байдал болон бусад бүх хэрэгцээнд байнгын хяналт тавих' боломж олгоно" гэж бичжээ.
Түүний хэлснээр, Вашингтон Гренланд болон АНУ-ын аюулгүй байдлыг хангаж, хамгаалахын тулд шаардлагатай бүхнийг тус арал дээр хийх хугацаагүй эрхтэй болох аж.
Трамп 3АНУ-ын зөвшөөрөлгүйгээр 'АНУ-ын дайсагнагч талууд' Гренландад цэргийн бааз байгуулах, Данийн автономит бүсэд 'эмзэг салбарын хөрөнгө оруулалт' хийх боломжгүй болно" гэж мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ тэрбээр "Энэхүү тохиролцооны хувьд АНУ-аас ямар ч зардал гарахгүй" гэж онцолжээ.
Трамп мөн "АНУ Гренландын хэд хэдэн хэсэгт цэргийн оролцоогоо нэн даруй өргөжүүлж эхэлнэ" гэж мэдэгдсэн байна. Тэрбээр энэ тохиролцоог байгуулснаараа өөрийгөө мөн магтаж, "Өмнөх ерөнхийлөгчдийн 100 жилийн турш байгуулж чадаагүй тохиролцоог хийж чадсаны үр дүнд Америкийн ард түмэнд өндөр үнэлэгдэх болно” гэжээ.
Дани болон Гренландын эрх баригчид тохиролцоог баталсан ч хэлэлцээрт гарын үсэг зурсныг батлаагүй
Копенхаген болон Нуукийн засгийн газрууд Вашингтонтой тохиролцоонд хүрсэн явдлыг сайшаасан байна. Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен "Уг тохиролцоо нь Арктик болон Хойд Атлантын бүс дэх хамтын аюулгүй байдлыг бэхжүүлснээр НАТО-гийн ашиг сонирхолд нийцнэ" гэж хэлжээ.
Үүний зэрэгцээ Копенхаген, Нуук хамтарсан мэдэгдэлдээ "Тохиролцоо нь Данийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, мөн Гренландын ард түмний өөрсдөө хувь заяагаа тодорхойлох эрхийг хүлээн зөвшөөрч байна" гэж онцолсон байна.
Гренландын Ерөнхий сайд Йенс-Фредерик Нильсен мөн "Уг тохиролцоо нь Гренланд, Данийн Вант Улс, АНУ болон барууны холбоотнуудын аюулгүй байдлыг хангаж, бэхжүүлнэ" гэж мэдэгджээ.
Түүнчлэн Нильсен "Тус тохиролцоо нь Гренландын ашиг сонирхол, олон улсын хамтын ажиллагаанд эзлэх автономит бүс нутгийн байр суурийг хүлээн зөвшөөрч байна" гэж нэмж хэлсэн байна.
Гэхдээ Нуук болон Копенхагены танилцуулсан мэдэгдэл нь АНУ-тай “хүлээгдэж буй хэлэлцээр”-ийн талаарх хэвлэлийн мэдээ гэсэн гарчигтай байжээ.
Энэ нь хэлэлцээрийн үндсэн баримт бичгүүдэд одоогийн байдлаар албан ёсоор гарын үсэг зураагүй байж болзошгүйг харуулж буй аж.
Трампын засаг захиргааны үед Вашингтонтой хийсэн янз бүрийн орны хэлэлцээ эцсийн мөчид хэд хэдэн удаа бүтэлгүйтэж, улмаар Цагаан ордныг хэлэлцээрийн нөхцөлийг “сүүлчийн мөчид өөрчлөхийг оролдсон” хэмээн буруутгаж байсан тохиолдол бий.
Марко Рубио: Дани, Гренланд хоёр өөрсдийгөө хамгаалах хангалттай хөрөнгөгүй
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Fox News Digital-т өгсөн ярилцлагадаа Гренландын талаарх тохиролцоог АНУ болон Америкийн ард түмний хувьд “асар том ялалт” хэмээн тодорхойлжээ.
Түүний хэлснээр, уг хэлэлцээр нь Америкийн татвар төлөгчдөд ямар ч зардал гаргалгүйгээр Арктик дахь АНУ-ын аюулгүй байдлын ашиг сонирхлыг үүрд баталгаажуулах аж.
Рубиогийн тайлбараас үзэхэд, Дани болон Гренланд өөрсдийн батлан хамгаалах боломжоо бодитоор үнэлсэн нь хэлэлцээр байгуулагдахад нөлөөлсөн байна.
Тэрбээр “Дани болон Гренланд Гренланд халдлагад өртөх, эсвэл аюул заналхийлэлтэй тулгарах тохиолдолд түүнийг хамгаалах шаардлагатай санхүүгийн нөөц тэдэнд байхгүйг ойлгож байгаа. Харин АНУ-д үүнийг хийх шаардлагатай нөөц бий” хэмээн хэлснийг Fox News иш татжээ.
Трампын Гренландад тавьж ирсэн олон жилийн шаардлага дуусгавар болох уу?
Гренландын талаарх энэхүү тохиролцоо нь Трампын тус арлыг хянах гэсэн олон жилийн шаардлагын төгсгөл болж магадгүй гэж нийтлэлд дурджээ.
Хойд Америкийн эрэг орчимд оршдог боловч Данийн бүрэлдэхүүнд багтдаг Гренландыг Трамп анхны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаандаа АНУ худалдаж авах хүсэлтэй буйгаа илэрхийлж байсан.
Харин Цагаан ордонд эргэн ирснийхээ дараа тэрбээр Дани болон Европын холбоотнууддаа үзүүлэх дарамтаа улам нэмэгдүүлж, тэр байтугай асар өндөр гаалийн татвар ногдуулна гэж заналхийлж байв.
АНУ-ын ерөнхийлөгч өөрийн байр суурийг АНУ-ын аюулгүй байдлыг хангах шаардлагатай холбон тайлбарладаг байсан ч Трампын ойрын хүрээллийн албан тушаалтнууд Гренланд нь газрын ховор элемент зэрэг байгалийн баялгаар баялаг болохыг удаа дараа онцолж ирсэн байна.
Эх сурвалж: DW