АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн үйл ажиллагааны талаар “хуурамч мэдээ” тарааж байна хэмээн буруутгаж, Америкийн хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийг Цагаан ордонд нэвтрүүлэхийг хориглох шийдвэр гаргаснаа мэдэгджээ. Мөн бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ч ийм арга хэмжээ авна гэж сүрдүүлсэн байна.
Трамп энэ тухай есдүгээр сарын 18-ны баасан гарагт өөрийн Truth Social нийгмийн сүлжээнд бичжээ. Тэр “Энэ мөчөөс эхлэн хуурамч мэдээ тараадаг CNN, MS NOW..., мөн Politico-..-г Цагаан ордонд нэвтрүүлэхийг хориглож буйгаа бахархалтайгаар зарлаж байна. Учир нь, тэд байнга хуурамч мэдээ тарааж байна!
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд АНУ-ын Ерөнхийлөгч, Трампын засаг захиргаа, эсвэл АНУ-ын үйл ажиллагааг сурвалжлахдаа байнга зохиомол, худал мэдээ бичиж, мэдээлэх боломжтой байх ёсгүй. Дараагийн ээлжид хуурамч мэдээ тараадаг бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч мөн нэвтрэх эрхээ хасуулна” гэжээ.
Гэвч Трамп “хуурамч мэдээ”-г шүүмжилсэн уг нийтлэлдээ өөрөө ч бодит байдалтай нийцэхгүй мэдээлэл оруулжээ. Тухайлбал, тэр АНУ-ын кабелийн телевизийн MS NOW суваг 2025 оны намар хүртэл MSNBC нэртэй байсан бөгөөд үзэгч, олон нийтийн итгэл буурсантай холбоотойгоор нэрээ өөрчилсөн гэж бичсэн байна.
Гэвч рейтинг хэмждэг байгууллагуудын мэдээллээс үзэхэд, 2025 онд MS NOW-ийн үзэгчдийн тоо огцом буураагүй аж. Харин ч 2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн тус суваг улирлын үзэгчдийн тоогоороо рекорд тогтоожээ. Кабелийн телевизүүдийн дундаас MS NOW тухайн үзүүлэлтээрээ Fox News-ийн дараа хоёрдугаарт бичигдэж байсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд Трампын Цагаан ордны хоригийг өмнө нь ч шүүхээр эсэргүүцэж байсан
Politico Трампын мэдэгдэлд шуурхай хариу өгч, өөрийн эрх ашгийг хамгаалахаа мэдэгджээ. Тус хэвлэл “Politico нь одоогийн болон ирээдүйн Цагаан ордны засаг захиргааны үйл ажиллагааг бодитой, хараат бусаар мэдээлсээр байх болно. Бид эрхийг маань хязгаарлах аливаа оролдлогын эсрэг АНУ-ын Үндсэн хуулийн Нэгдүгээр нэмэлт өөрчлөлтөөр баталгаажсан эрхээ тууштай хамгаалах болно” гэж мэдэгдсэн байна.
Мөн Politico Трампын тус хэвлэл Жо Байден ерөнхийлөгчийн үед “төрийн татаас” авч байсан гэх мэдэгдлийг няцаажээ. Трамп өөрийн нийтлэлдээ “татаас” гэсэн үгийг шууд хэрэглээгүй боловч Байдены засаг захиргаа Politico-г “дампуурахаас нь сэргийлэхийн тулд хууль бусаар захиалж байсан” гэж мэдэгдсэн байна.
Трамп өмнө нь ч өөрт нь таалагдаагүй мэдээлэл гаргадаг хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчдийг Цагаан ордонд нэвтрүүлэхгүй байхыг оролдож байжээ. Тухайлбал, 2025 оны хоёрдугаар сард тэрбээр Associated Press агентлагийн сэтгүүлчдийг Цагаан ордонд нэвтрүүлэхийг хязгаарлахаар төлөвлөж буйгаа зарласан.
Үүний шалтгаан нь AP өөрийн нийтлэлүүддээ “Мексикийн булан” гэх нэрийг хэрэглэхээс татгалзсан явдал байж. Трамп харин үүнийг өөрийн хүссэнээр өөрчлөхийг шаарджээ. Үүний хариуд Associated Press шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Шүүхийн шийдвэрээр эрх баригчид хэвлэл мэдээллийн байгууллагын редакцын байр суурь, мэдээллийн бодлогынх нь төлөө тэднийг төрийн үйл ажиллагаанд нэвтрэх эрхээс хасах боломжгүй гэж үзжээ. Учир нь, ийм арга хэмжээ нь хэвлэлийн эрх чөлөөний зарчимд харшилна гэж шүүх дүгнэсэн байна.
Цагаан ордон уг шийдвэрийг давж заалдсан ч AP-ийн сэтгүүлчдийн Зууван танхим болон ерөнхийлөгчийн онгоцонд нэвтрэх эрхийг хязгаарласан хэвээр үлджээ. Харин тэд Цагаан ордонд зохион байгуулагддаг бусад арга хэмжээнд оролцох боломжтой хэвээр байсан аж.
Трамп өөрт нь таалагддаггүй сэтгүүлчидтэй олон жил зөрчилдөж, тэднийг доромжилж ирсэн
Трампын нэрлэсэн дээрх гурван хэвлэл мэдээллийн байгууллага болох CNN, MS NOW, Politico нь Трамп болон түүний засаг захиргаанд шүүмжлэлтэй хандсан нийтлэл, сурвалжилга, эрэн сурвалжлах материалуудыг олон удаа нийтэлж иржээ.
Тухайлбал, 2026 оны эхний улиралд MS NOW-ийн олон нийтийн сүлжээн дэх хамгийн их үзэлттэй материалуудын дунд Трампын Ираны эсрэг дайн эхэлсний дараа АНУ-д шатахууны үнэ удахгүй буурна гэсэн мэдэгдэлд хийсэн баримт шалгалтын видео багтжээ.
Мөн Трампын засаг захиргааны үед үйл ажиллагаа нь өргөжсөн Цагаачлал, гаалийн алба (ICE)-д ажилд орох үйл явцыг өөрийн биеэр туулж, байгууллагын “дотоод үйл ажиллагааг” судлахыг оролдсон сэтгүүлчтэй хийсэн ярилцлага ч өндөр хандалттай материалуудын нэг байжээ.
Трампын CNN-тэй холбоотой зөрчил анхных нь ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанаас эхтэй. Үнэндээ сүүлийн жилүүдэд өргөн хэрэглэгдэх болсон “fake news” буюу “хуурамч мэдээ” гэсэн нэр томьёо нь Трамптай холбоотойгоор ихээхэн түгээмэл болсон аж.
Тэрбээр 2017 оны нэгдүгээр сард Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр CNN-ийн сэтгүүлч Жим Акостад асуулт асуух боломж олголгүй, CNN-ийг “аймшигтай байгууллага” хэмээн нэрлэж, түүнд “You're fake news” буюу “Та нар хуурамч мэдээ” хэмээн хэлж байжээ.
Трамп Цагаан ордонд эргэн ирснээсээ хойш өөрт нь лоял биш буюу дэмждэггүй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй харилцахдаа бүр ч хатуу хандах болсон гэж нийтлэлд дурдсан байна. Зарим тохиолдолд тэр сэтгүүлчдийг шууд доромжилсон байна.
Тухайлбал, Жеффри Эпштейний “файлууд”-ыг нийтлэхтэй холбоотой маргаан өрнөж байх үеэр нэгэн хэвлэлийн уулзалтын үеэр насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгт оруулсан хэргээр буруутгагдаж байсан талийгаач санхүүч Эпштейнтэй Трамп ямар холбоотой байсан талаар асуулт тавихыг оролдсон эмэгтэй сэтгүүлчийг Трамп “гахай” хэмээн нэрлэж байжээ.
Үүнээс гадна Трампын засаг захиргааны үед Цагаан ордны цахим хуудаст Трампын талаар “хуурамч мэдээ” тараадаг хэмээн үзсэн хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг нэрлэсэн тусгай “ичгүүрийн самбар” хүртэл бий болсон байна.
Гэвч нийтлэлд "Цагаан ордон ийм нийтлэлүүдийн хариуд нийтэлдэг “няцаалтууд” нь бодит баримтаар үндэслэсэн няцаалт гэхээсээ илүүтэйгээр сэтгүүлчдэд чиглэсэн үндэслэлгүй хувийн дайралт байх тохиолдол цөөнгүй" гэж дурджээ.
Эх сурвалж: DW