Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон "ОХУ-аас Европ болон Францын эсрэг явуулж болзошгүй эрлийз халдлагын заналхийлэл эрчимжиж байна" хэмээн анхааруулжээ.

Макрон Елисейн ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр энэ заналхийлэлтэй холбоотойгоор чухал дэд бүтэц болон батлан хамгаалах үйлдвэрлэлийн байгууламжуудыг хамгаалах төлөвлөгөө боловсруулахыг үүрэг болгосноо мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, Франц улс сүүлийн хэдэн долоо хоногт ОХУ-аас чиглэсэн гэж үзэж буй эрлийз халдлагуудын бай болсон бөгөөд эдгээр үйлдлийг “хариу арга хэмжээ авалгүй орхихгүй” аж.

Европын хэд хэдэн орны удирдагч ОХУ Украинд дэмжлэг үзүүлж буй Европын орнуудын байр суурь, эв нэгдлийг сорих зорилгоор халдлага үйлдэхээр бэлтгэж болзошгүй талаар анхааруулсаар байна.

“Эрлийз дайн” гэж юу вэ?

Эрлийз дайн, эрлийз халдлага гэдэг нь цэргийн уламжлалт ажиллагаанаас гадуурх арга хэрэгслээр өрсөлдөгч талд дарамт үзүүлэх, тогтворгүй байдал үүсгэхийг хэлдэг ерөнхий нэр томьёо юм. Үүнд кибер халдлага, хорлон сүйтгэх ажиллагаа, худал мэдээлэл тараах зэрэг үйлдэл багтдаг байна.

Ийм ажиллагааг заримдаа зуучлагч бүлэг, байгууллагуудаар дамжуулан явуулдаг бөгөөд ОХУ ийм халдлагад оролцсон хэмээх буруутгасныг байнга няцаасаар иржээ.

Макрон Ойрхи Дорнод болон Украины дайны аюулгүй байдалд үзүүлж буй нөлөөний талаар улс төрийн намуудын удирдагчидтай уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ.

Тэрбээр өнгөрсөн сард Германы Лейпциг хотын нисэх онгоцны буудалд болсон дроны халдлага, мөн Польшийн Ерөнхий сайд Дональд Туск ОХУ Польш болон НАТО-гийн зүүн жигүүрийн бусад оронд дрон, пуужингийн цохилт өгөхөөр төлөвлөж болзошгүй талаар хэлснийг дурдсан байна.

Макрон “Сүүлийн хэдэн долоо хоногт Европын орнууд болон Францын эсрэг чиглэсэн ОХУ-ын эрлийз заналхийлэл эрчимжлээ” хэмээн хэлжээ.

Мөн тэрбээр уг үйл ажиллагааны зорилго нь Европын орнуудыг айлган сүрдүүлж, Украинд үзүүлж буй дэмжлэгийг нь сулруулах явдал гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Польшийн Ерөнхий сайд Туск мөн "ОХУ Украинд дэмжлэг үзүүлж буй орнуудын эсрэг дрон болон пуужингийн цохилт өгөхөөр төлөвлөж байж болзошгүй. НАТО-гийн нутаг дэвсгэрт ийм халдлага гарах “бодит эрсдэл” байна" гэж парламентын гишүүддээ мэдэгджээ.

Түүний хэлснээр, Москва дараа нь ийм үйлдлийг “санамсаргүй” гэж тайлбарлан, НАТО-гийн эв нэгдлийг хагалан бутаргахыг оролдож болзошгүй аж.

Өнгөрсөн ням гарагт Украин-Польшийн хилийн ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг ОХУ-ын дроны цохилтод өртсөн байна. Украины талын мэдээлснээр, зорчигчдыг цохилт өгөхөөс хэдхэн минутын өмнө нүүлгэн шилжүүлж амжжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "ОХУ Европ руу халдах төлөвлөгөөгүй" гэж удаа дараа мэдэгдэж ирсэн. Харин Гадаад хэргийн сайд Сергей Лавров Европын орнуудыг Украин руу цэрэг илгээхээс сэрэмжлүүлж, ийм үйлдлийг ОХУ “дайн зарласантай адил” гэж үзнэ хэмээн анхааруулжээ.

Эрчим хүчний аюулгүй байдал

Макрон мөн эрчим хүчний асуудлын талаар ярьж, засгийн газарт чухал дэд бүтэц болон батлан хамгаалах үйлдвэрлэл, технологийн хамгийн эмзэг объектуудыг дрон болон кибер халдлагаас хамгаалах үүрэг өгсөн байна.

Түүнчлэн Франц улс эрчим хүчний асуудлыг хэлэлцэхээр “Их долоо” (G7)-гийн уулзалтыг зохион байгуулах бөгөөд "Европын Комисстой байгалийн хийн нөөцийн асуудлыг хэлэлцэнэ" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC