Польшийн Ерөнхий сайд Дональд Туск есдүгээр сарын 17-нд "ОХУ-ын зэвсэгт хүчин Польшийн хилтэй ойролцоох Украины нутагт, хилийн боомтын ойролцоо дахин дроны цохилт өгсөн" гэж мэдээлжээ.

Түүний хэлснээр, Польшийн хилээс маш ойрхон, Дорохуск хотын орчимд шатахуун түгээх станц дахин халдлагад өртсөн байж болзошгүй байгаа аж. Мөн хүчтэй дэлбэрэлт болж, Польшийн сөнөөгч онгоцууд агаарт хөөрсөн байна.

Польшийн Зэвсэгт хүчний шуурхай командлалын мэдээлснээр, дрон Украины Волынь мужид, Польш-Украины хилээс ойролцоогоор 4 км-ийн зайд байг онож, устгагдсан байна. Цэргийнхэн уг төхөөрөмжийг тийрэлтэт хөдөлгүүртэй дрон байсан гэж мэдээлжээ.

Украины Хилийн алба хилийн боомтод ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй гэж мэдэгдсэн байна. Халдлагын улмаас Люблин болон Подкарпатын мужийн оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргэж, Люблин, Жешувын нисэх онгоцны буудлууд үйл ажиллагаагаа түр зогсоожээ.

Туск: ОХУ-ын халдлага нэмэгдэж болзошгүй

Мөн энэ өдөр Туск Польшийн парламентад үг хэлэхдээ "Тагнуулын байгууллагуудын мэдээллээр, ОХУ Украиныг дэмжиж буй орнууд, тэр дундаа Польшийн эсрэг дрон болон пуужин ашигласан эрлийз халдлага хийхээр төлөвлөж байна" гэж мэдэгджээ. Гэхдээ ямар тагнуулын байгууллага ийм мэдээлэл өгсөн талаар тэр тодорхой хэлээгүй байна.

Туск мөн энэ халдлага 1939 онд ЗХУ Польш руу довтолсны 87 жилийн ойтой давхцаж байгааг онцолжээ.

Польшийн Батлан хамгаалахын сайд Владислав Косиняк-Камыш X платформд “ОХУ түрэмгий үйлдлээ зогсоохгүй байна” гэж бичсэн аж.

Энэ нь сүүлийн долоо хоногт болсон хоёр дахь халдлага

Дорохуск–Ягодин хилийн боомтын ойролцоо энэ нь сүүлийн долоо хоногт гарсан ОХУ-ын хоёр дахь цохилт болжээ.

Есдүгээр сарын 13-нд нэг дрон ойролцоох шатахуун түгээх станцыг, нөгөө нь Киев–Варшавын зорчигч тээврийн галт тэрэгний зүтгүүрийг Ягодины өртөөнд цохисон байна.

Украины эрх баригчдын мэдээлснээр, тухайн халдлагын бай болсон байж болзошгүй галт тэргэнд ЕХ-ны хэд хэдэн орны аюулгүй байдлын зөвлөхүүд болон Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон зорчиж явжээ. Мөн тэр үед өртөөнд байсан өөр нэг галт тэргэнд АНУ-ын Тагнуулын төв газрын дарга асан Дэвид Петреус байсан аж.

Есдүгээр сарын 15-ны шөнө ОХУ-ын цохилт Волынь мужид өөр нэг галт тэргэнд тусаж, улмаар зүтгүүр шатсан гэж Украины Онцгой байдлын алба мэдээлжээ.

Үүний дараа Польш Украинтай хиллэдэг хилийн боомтуудын хамгаалалтаа нэмэгдүүлж, тэнд цэргийн алба хаагчдыг байршуулсан байна. Польшийн армийн инженерийн ангиуд Дорохуск, Медыка, Корчова дахь боомтуудын орчимд хамгаалалтын дэд бүтцийг бэхжүүлж, ажиглалтын болон харуулын постууд байгуулж эхэлжээ.

Туск өмнө нь Москвагаас үүсэж буй хурцадмал байдал “бодит байдал болж байна” хэмээн мэдэгдэж, НАТО-гийн холбоотнуудыг ойрын долоо хоног, саруудад ОХУ-ын идэвхжил нэмэгдэхэд бэлэн байж, шаардлагатай тохиолдолд хамтарсан хариу арга хэмжээ авахыг уриалжээ.

Эх сурвалж: DW