Дэлхийд алдартай сэтгүүлч, WikiLeaks-ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж олон нийтийн хүрээнд эргэн ирж байгаагаа зарлав. Ассанж өөрийн X нийгмийн сүлжээний хуудсанд “Би эргэн ирлээ” хэмээн бичжээ.
Үүнээс өмнө түүний хуудсанд нийтлэгдсэн хамгийн сүүлийн мэдэгдэл 2024 оны зургадугаар сарын 28-нд, хоригдоод суллагдсаных нь дараахан гарсан аж. Тэрбээр АНУ-д шилжүүлэн өгөхтэй холбоотой хэргийг нь хэлэлцэж байх хугацаанд Их Британийн чанга дэглэмтэй “Белмарш” шоронд хоригдож байсан юм.
Америкийн тал Ассанжид 18 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд эдгээр хэргээр нийтдээ 175 хүртэл жилийн хорих ял авах эрсдэлтэй байжээ. Учир нь тэрээр АНУ-ын түүхэнд урьд өмнө байгаагүй их хэмжээний нууц мэдээллийг олон нийтэд задруулсан хэмээн буруутгагдсан юм.
Гэвч Ассанж АНУ-ын прокурорын байгууллагатай хэрэг хүлээн зөвшөөрөх тохиролцоонд хүрч, өөрт нь оногдуулсан таван жилийн ялыг Их Британид өмнө нь хоригдож байсан хугацаагаараа эдэлсэнд тооцуулах нөхцөлөөр тохиролцжээ. Ингэснээр тэр эрх чөлөөтэй болсон байна.
Ассанж WikiLeaks сайтыг байгуулснаараа дэлхий дахинд танигдсан. Тус сайтаар дамжуулан Ирак, Афганистан дахь дайнуудтай холбоотой хэдэн зуун мянган нууц материал, Гуантанамогийн хорих лагерьтай холбоотой баримтууд, мөн АНУ-ын дипломат албаны нууц цахилгаан мэдээнүүд болон тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Хиллари Клинтонтой холбоотой хувийн захидал харилцаа зэрэг олон төрлийн мэдээллийг нийтэд ил болгосон билээ.
Эх сурвалж: RIA NOVOSTI