ОХУ есдүгээр сарын 17-ны пүрэв гаргийн шөнө Украины нийслэл Киев хот руу өргөн хүрээг хамарсан пуужингийн цохилт өгчээ. Украины нийслэлийн хотын дарга Виталий Кличко Telegram сувгаар мэдээлэхдээ, уг халдлагын улмаас наад зах нь 16 хүн шархадсаны дотор 10 болон 12 настай хүүхдүүд байсан гэжээ. Тэр "Есөн шархадсан хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна" хэмээн дурдсан байна.
Өмнө нь Киев хотын Цэргийн захиргаа (КМВА) Telegram сувгаараа Оросын халдлагад өртсөн 10 настай хүүхэд охин байсан талаар мэдээлжээ.
Мөн өглөөний байдлаар Украины нийслэлийн Соломенский болон Днепровский дүүргүүдэд агуулахын барилга байгууламжууд гэмтсэн нь тодорхой болсон байна. Днепровский дүүрэгт орон сууцны барилга мөн гэмтсэн гэж хотын захиргаа мэдээлжээ.
Виталий Кличкогийн мэдээлснээр, Днепровский дүүрэгт гурван давхар оффисын барилгын цонхны шил, гадна фасад гэмтэж, хэд хэдэн орон сууцны барилгын цонх хагарсан байна. Мөн Кличко "Святошинский дүүрэгт орон сууцны бус зориулалттай барилга мөн гэмтсэн" гэж мэдэгджээ.
Үүний зэрэгцээ Украины Онцгой байдлын алба Киев хотын Голосеевский дүүрэгт дөрвөн давхар их сургуулийн барилгын фасад болон цонхны шил гэмтсэн талаар мэдээлсэн байна. Уг боловсролын байгууллагын нэр тодорхойгүй байгаа аж. Энэ үйл явдлын улмаас хүний амь нас эрсдээгүй, шархадсан хүн байхгүй гэж тус албаны мэдээлэлд дурджээ.
Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчин есдүгээр сарын 17-ны шөнө Киевийн чиглэлд пуужингууд хөдөлж буй талаар Telegram сувгаараа мэдээлсэн байна. Мөн тэр шөнө Одесса хотын Цэргийн захиргааны дарга Сергей Лысак "Оросын халдлагын улмаас тус хотод наад зах нь гурван хүн шархадсаны дотор дөрвөн настай хүүхэд байсан" гэж мэдээлжээ.
Тэр постдоо "Шархадсан бүх хүмүүст шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлж байна" хэмээн дурдсан байна. Өмнө нь Лысак Оросын халдлагын улмаас Одесса хотод олон давхар орон сууцны барилга гэмтсэн талаар мэдээлжээ.
Үүний өмнөх орой Украины Онцгой байдлын алба Сумы хотод Оросын агаарын цохилтын улмаас нэг хүн амиа алдаж, есөн хүн шархадсан талаар мэдээлсэн байна. Шархадсан хүмүүсийн дунд хоёр хүүхэд байжээ.
Мэдээлэлд "Удирдлагатай агаарын бөмбөг ашигласан халдлагын улмаас хувийн орон сууцны байшингууд, аж ахуйн зориулалттай барилга байгууламжууд болон иргэний автомашинууд эвдэрч, сүйдсэн" гэж мэдээлэлд онцолсон байна.
Эх сурвалж: DW