ХБНГУ-ын Гадаад хэргийн яам ОХУ-ын Засгийн газрын онгоц есдүгээр сарын 16-ны лхагва гаргийн өглөөний 09:40 цагийн орчимд Кёльн/Бонны нисэх онгоцны буудалд газардсаныг албан ёсоор баталжээ.

Германы Гадаад хэргийн яамны төлөөлөгч Катрин Дешауэр Берлин хотод болсон Засгийн газрын хэвлэлийн бага хурлын үеэр уг онгоц ОХУ-ын Бонн дахь Ерөнхий консулын газрын ажилтнуудыг Германаас авч явах зөвшөөрөлтэй байсан гэж мэдэгдсэн байна. Харин хэдэн дипломат ажилтан тус онгоцоор Германаас гарсан талаар тэрбээр тодорхой мэдээлэл өгөөгүй аж.

RA-96018 бүртгэлийн дугаартай Ил-96-300 онгоц Москвагийн Внуково нисэх онгоцны буудлаас өглөө хөөрч, 09:43 цагийн орчимд Кёльн/Боннд газарджээ. Онгоц нисэх буудалд ойролцоогоор гурван цаг саатсаны эцэст Оросын консулын газрын ажилтнуудыг авч, 12:39 цагт Москва руу буцаж ниссэн байна.

Flightradar-ын мэдээллээр, уг онгоц Германыг зорихдоо Польшийн нутаг дэвсгэр дээгүүр шууд нисэх боломжгүй байсан тул эхлээд Санкт-Петербургийн чиглэлд нисэж, дараа нь Финландын булангийн дагуу явжээ. Улмаар Рюген арлын орчимд Германы агаарын орон зайд орсон байна.

Онгоц Кёльн/Бонны нисэх буудалд газардсан талаар эхэндээ албан ёсоор мэдээлээгүй бөгөөд нисэх буудлын хэвлэлийн төлөөлөгч уг үйл явдлыг тайлбарлахаас татгалзжээ. Мөн Германы Холбооны цагдаагийн байгууллага онгоц газардсан эсэхийг батлах болон үгүйсгэсэн байр суурь илэрхийлээгүй байна.

ОХУ-ын онгоц Европын холбооны орнуудад нислэг үйлдэхийг одоо мөрдөж буй хориг арга хэмжээний хүрээнд хориглосон байгаа тул Ил-96 онгоцыг Кёльн/Боннд газарт буулгахын тулд Германы талаас тусгай зөвшөөрөл олгожээ.

Энэ зөвшөөрөл нь Германы Засгийн газар ОХУ-ын Бонн дахь Ерөнхий консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаахаар шийдвэрлэсэнтэй холбоотой аж.

Герман улс уг шийдвэрийг Лейпциг/Халле нисэх буудалд нисгэгчгүй онгоцоор халдахыг завдсан хэрэгтэй холбон тайлбарлаж, Берлин уг халдлагад ОХУ-ыг буруутгаж буй юм. Харин Москва энэ хэрэгт оролцсон гэх мэдээллийг няцаасан байна.

Үүний хариуд ОХУ Германы Санкт-Петербург дахь Ерөнхий консулын газрыг хаах шийдвэр гаргажээ.

Эх сурвалж: DW