Дэлхийн ур чадварын 48 дахь удаагийн уралдаан энэ сарын 22-ноос 27-ны өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдана. Тус уралдаанд Монгол Улсын үндэсний баг 12 мэргэжлийн ур чадварын төрөлд оролцох юм.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир, “Дэлхийн ур чадвар Монгол” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Д.Энхжаргал нарын төлөөлөл өчигдөр (2026.09.16) Дэлхийн ур чадварын уралдаанд оролцох Монгол Улсын үндэсний багийн оролцогчид, эксперт багш, орчуулагч нийт багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын төрийн далбааг гардуулж, амжилт хүсэв.

Энэ үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ “Ур чадварын дэлхийн олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх авсан оюутан, залуучуудаа бид олон сарын турш бэлтгэлээ. Энэ бүхний ард маш олон хүний сэтгэл, зүтгэл бий. Та бүхэндээ талархаж байна.

Дэлхий мэдлэгээс гадна ур чадварыг чухалчилдаг болсон. БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдах Дэлхийн ур чадварын олимпиадад оролцох багийнхан Монгол Улсын техникийн болон мэргэжлийн боловсролын салбарын хөгжлийн түвшнийг дэлхийд харуулах эрхэм бөгөөд хариуцлагатай үүрэг хүлээж байна. Тиймээс дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх энэ сайхан боломжийг бүрэн дүүрэн ашиглаарай” хэмээн онцлов.

May be an image of text

Монгол Улсын үндэсний багийн оролцогчдын техникийн болон нэгдсэн бэлтгэлийг хангахад Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудаас гадна 11 мэргэжлийн холбоо, 52 аж ахуйн нэгж оролцож, дэмжлэг үзүүлэн ажиллажээ.

Энэ нь төр, хувийн хэвшлийн урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэргэжлийн боловсрол, үйлдвэрлэлийн уялдааг нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны суурь болж байна.

Дэлхийн ур чадварын уралдаанд оролцсоноор олон улсын стандартыг сургалтад нэвтрүүлэх, багш, экспертүүдийн ур чадвар, чадавхыг дээшлүүлэх, боловсрол, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ технологи болон ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, мэргэжлийн боловсролын үнэ цэнийг залууст таниулах зэрэг олон талын ач холбогдолтой.

Энэ жилийн уралдаанд дэлхийн 70 орны 1400 гаруй оролцогч 64 мэргэжлийн ур чадварын төрөлд өрсөлдөх юм байна.

May be an image of one or more people and text

No photo description available.