NBC-ийн мэдээний нисдэг тэрэг тэнгэрээс унахаас хэдхэн хормын өмнө бичигдсэн дүрс бичлэг ил болж, Лос-Анжелес дахь сурвалжлагч Элиана Мореногийн ослын өмнөх сүүлчийн үгс олон нийтэд хүрчээ.
Гэрэл зургийн сурвалжлагчаар ажилладаг Элиана Морено есдүгээр сарын 15-ны мягмар гаргийн оройн 19:00 цагийн орчимд болсон нисдэг тэрэгний ослоор амиа алдсан билээ. Түүнтэй хамт нисдэг тэрэгний нисгэгч Жорж Марчинив болон газар дээр байсан нэг хүн мөн амиа алдаж, өөр нэг хүн хүнд бэртэж, эмнэлэгт хүргэгджээ.
Тухайн үед NewsChopper4 нисдэг тэрэг Сан-Фернандо хөндийн Чатсворт орчимд гарсан хүний амь нас хохирсон автобусны ослын талаар мэдээлж байсан бөгөөд ослын газарт дээгүүр нисэн, зураг авч байжээ. Гэвч нисдэг тэрэг гэнэт асуудалд орсон бололтой.

Нисдэг тэрэгний дотор бичигдсэн дүрс бичлэгт камер гэнэт хүчтэй чичирч, удалгүй дүрс өөр тийш эргэж, нисдэг тэрэг маш хурдтайгаар өндрөө алдаж байгааг харуулжээ. Түүнчлэн уг бичлэгт Мореногийн ослын өмнөх сүүлчийн үгс бичигдэн үлдсэн байна. Тэрбээр нисдэг тэрэг өндрөө алдаж эхлэх үед “Та зүгээр л дээш нь татаж болохгүй юм уу?” хэмээн асуусан байна.
Ослын дараах газраас авсан дүрс бичлэгт нисдэг тэрэгний сүйрсэн хэсэг бүхэлдээ галд автсан байсан бөгөөд 50 гаруй гал сөнөөгч галыг унтраахаар ажиллаж байжээ.
Тухайн үед NBC4-ийн нисдэг тэрэг нь SUV автомашин хотын автобусыг мөргөж, хоёр хүн амиа алдан, зургаан хүн гэмтсэн ослын талаар мэдээлж байсан хэд хэдэн нисдэг тэрэгний нэг байв. Гэвч NBC4-ийн хөтлөгчид нисдэг тэрэгний багийнхантай холбоо тасарсны дараа гол мэдээ өөрсдийнх нь нисдэг тэрэгний осол болж хувирчээ.

Туршлагатай хөтлөгч Колин Уильямс шууд эфирт ажиллаж байхдаа осолдсон нисдэг тэрэг нь өөрсдийн станцын NewsChopper4 болохыг баталсан мэдээ авсан байна. Тэрбээр сэтгэл хөдлөлөө барьж ядан, “Өнөө орой Чатсвортод унасан нисдэг тэрэг үнэхээр News Chopper 4 байсныг бид одоо баталж чадна” хэмээн үзэгчдэд мэдээлжээ.
Тэрбээр цааш нь "Тэд нисдэг тэрэгний талаар мэдээллүүдийг нэгтгэж, нисдэг тэрэгний багийнхантай холбоо тасарсныг мэдэж байсан ч яг аль нисдэг тэрэг болохыг баттай мэдээгүй байсан. Осолдсон нисдэг тэрэг оройн 19:00 цагийн өмнөхөн Чатсвортод унасан News Chopper4 байсныг саяхан баталгаажуулсан хэмээн тайлбарлажээ.

Үүний дараа Уильямс “Бид хэдэн минут завсарлаж, энэ бүхнийг эргэцүүлэн бодож, юу болсныг ойлгон, дараагийн мэдээллээ үргэлжлүүлэх хэрэгтэй байна” хэмээн хэлээд, эфирийг түр зогсоосон байна.
Одоогийн байдлаар АНУ-ын Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөл (NTSB) уг нисдэг тэрэг яагаад гэнэт өндрөө алдаж, тэнгэрээс унасныг тогтоохоор мөрдөн шалгаж байгаа ажээ.
Эх сурвалж: UNILAD