Австралийн Засгийн газар цагаачлалын бодлогодоо томоохон өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа аж. Энэхүү шинэчлэлийн гол зорилго нь тус улсад түр болон байнгын оршин суугчдын тоог зохицуулах, цагаачлалын хэт өсөлтийг бууруулах явдал аж.

Олон улсын оюутнуудын гэр бүл дагуулж ирэх боломж хязгаарлагдана

Шинэ бодлогын хүрээнд Австралид суралцахаар очиж буй олон улсын оюутнууд гэр бүлийн гишүүдээ dependent визээр дагуулж ирэх боломж үндсэндээ хаагдаж болзошгүй байгаа ажээ. Өмнө нь оюутны виз эзэмшигчид эхнэр, нөхөр болон хүүхдүүдээ Австралид авчрах боломжтой байсан бол шинэ зохицуулалтаар энэ эрхийг ихэнх ангилалд хязгаарлах төлөвтэй буй юм байна.

Өнгөрсөн санхүүгийн жилд Австрали улс нийт 337,427 оюутны виз олгосноос 45,991 нь оюутны гэр бүлийн гишүүдэд олгосон secondary applicant виз байжээ. Тиймээс тус улсын Засгийн газар оюутны тоог хэвээр хадгалсан ч гэр бүлээ дагуулж ирэх боломжийг хязгаарлах замаар нийт цагаачлалын тоог бууруулахыг зорьж буй аж.

Цагаачлалын нийт тоог бууруулах зорилт

Австралийн Засгийн газар түр болон байнгын цагаачлалын өсөлтийг хянах бодлого хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд NOM буюу Net Overseas Migration-ийн тоог одоогийн ойролцоогоор 300,000-аас 2028 он гэхэд 225,000 хүртэл бууруулах зорилт тавьжээ.

Түр виз эзэмшигчдийн тоо сүүлийн жилүүдэд хэт өссөн гэж үзэж байгаа тул визийн хугацаа дууссан хүмүүсийг хугацаандаа Австралиас гарахыг шаардах, мөн “visa hopping” буюу нэг визээс нөгөө виз рүү тасралтгүй шилжин Австралид үлдэх явдлыг хязгаарлах арга хэмжээ авч эхэлсэн байна.

Дагалдан виз эзэмшигчдийн ажиллах эрхэд өөрчлөлт орж болзошгүй

Оюутан болон бусад түр виз эзэмшигчдийн гэр бүлийн гишүүдэд олгодог dependent буюу дагалдан визийн нөхцөлд мөн өөрчлөлт орох төлөвтэй байгаа аж. Ялангуяа дагалдан виз эзэмшигчдэд ажиллах эрх олгохгүй байх зэрэг хязгаарлалтыг авч үзэж буй мэдээлэл ч байна. Энэ нь Австралид гэр бүлээрээ очих хүсэлтэй оюутан болон түр хугацааны ажилтнуудад шууд нөлөөлөх боломжтой.

Ур чадвартай ажилчдын гэр бүлийн визийн асуудал тодорхойгүй хэвээр байна

Олон улсын оюутнуудын гэр бүлийг хязгаарлах бодлого яригдаж байгаа ч skilled буюу ур чадвартай ажилчдын гэр бүлийн гишүүдэд виз олгох асуудалд ямар хэмжээний өөрчлөлт орох нь одоогийн байдлаар бүрэн тодорхой болоогүй байгаа аж.

Гэвч Австралийн Цагаачлалын сайд Тони Бёрк гадаадаас гаргасан skilled болон family visa өргөдлүүдийн боловсруулалтыг удаашруулж, зарим өргөдөл гаргагчдыг хүлээлгийн дараалалд шилжүүлсэн байна. Үүний улмаас зарим визийн шийдвэр гарах хугацаа хэдхэн хоногоос нэг жил хүртэл уртсаж болзошгүй нөхцөл үүсжээ.

Сайд Тони Бёрк "Парламент шинэ хууль батлахгүй байсан ч Засгийн газар өөр төрлийн зохицуулалт буюу захиргааны арга хэмжээ, визийн нөхцөлөөр дамжуулан бодлогын зорилгоо хэрэгжүүлэх боломжтой" гэж мэдэгдсэн байна.

Bridging Visa болон хамгаалалтын визийн хүсэлтэд тавих хяналт нэмэгдэнэ

Австралид түр визээр оршин сууж буй зарим хүмүүс protection буюу хамгаалалтын визийн хүсэлт гаргасны дараа bridging visa авч, өргөдөл шийдэгдэх хүртэл Австралид үлдэх боломжтой байдаг. Одоо Засгийн газар нь ийм хүсэлт гаргаж буй хүмүүсийн ажиллах эрхийг хязгаарлах эсэхийг судалж буй аж.

Сард дунджаар 1,580 орчим хамгаалалтын визийн хүсэлт ирдэг бөгөөд ихэнх нь Хятад, Энэтхэг, Малайз улсын иргэдээс ирүүлдэг байна. Эдгээр хүсэлтийн ойролцоогоор 90 хувь нь татгалзсан шийдвэртэй байдаг ч өргөдөл гаргагчид давж заалдах эрхтэй аж.

Зарим давж заалдах ажиллагаа маш удаан үргэлжилж, бүр найман жил хүртэл хугацаа шаардагддаг байна. Энэ хугацаанд тухайн хүн bridging visa-тайгаар Австралид үлдэж, ажиллах боломжтой байдаг нь системийг зориудаар ашиглаж байна гэсэн шүүмжлэл дагуулж буй аж. Тиймээс Засгийн газар нь энэ үйл явцыг өөрчлөх, ялангуяа ажиллах эрхийг хязгаарлах боломжийг авч үзэж буй юм байна.

Working Holiday болон Skilled визийн боловсруулалт удааширч байна

Мөн Working Holiday Maker буюу ажиллаж аялах визийн боловсруулалтыг удаашруулах арга хэмжээ авч байгаа талаар мэдээлсэн байна. Үүнтэй адил skilled визийн өргөдөл гаргагчдын хувьд ч гадаадаас өргөдөл гаргасан хүмүүсийг хүлээлгийн дарааллын ард шилжүүлэх бодлого хэрэгжиж байгаа аж.

Энэ нь зарим визийн шийдвэр гарах хугацааг өмнөхөөс эрс уртасгаж, хэдхэн өдөр хүлээдэг байсан процесс нэг жил хүртэл үргэлжилж болзошгүй юм байна.

Их Британийн backpacker визийн асуудал

Их Британийн иргэдэд зориулсан Working Holiday буюу backpacker визийн зарим давуу эрхийг хасах санал гарсан боловч Австралийн Ерөнхий сайд уг саналыг дэмжээгүй аж. Учир нь, ийм өөрчлөлт нь Их Британи болон Австралийн хооронд байгуулсан Чөлөөт худалдааны хэлэлцээрийг зөрчих эрсдэлтэй гэж үзсэн байна.