Украины ерөнхий прокурор Руслан Кравченко албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргахын өмнө Украины Авлигатай тэмцэх үндэсний товчоо (УАТҮТ) болон Авлигатай тэмцэх мэргэшсэн прокурорын газар АТМПГ)-ын удирдлагуудын үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн мэдээллийг ил болгожээ.
Кравченко "УАТҮТ болон АТМПГ-ын ажилтнууд Ерөнхий прокурорын газарт нэгжлэг хийх үеэр эрүүгийн хэргийн материалуудыг авч явсан бөгөөд тэдний үйл ажиллагаа нь авлигын эсрэг мөрдөн шалгах байгууллагуудын эсрэг явуулж буй шалгалтыг саатуулах зорилготой байсан байж болзошгүй" гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр мөн УАТҮТ-ны захирал Семен Кривоностой холбоотой өмнөх эрүүгийн хэргийн талаар мэдээлж, түүнийг 2009 онд сонгогчдыг хууль бусаар татах үйл ажиллагаанд оролцсон гэх хэрэгт шалгагдаж байсан талаар мэдэгджээ.
Харин АТМПГ-ын дарга Александр Клименкотой ойр хүн шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлөхийг оролдсон, хууль бус ашиг санал болгосон, мөн цэргийн дайчилгаанаас зайлсхийхэд дэмжлэг үзүүлсэн гэх асуудлаар буруутгасан байна.
Кравченко огцрох хүсэлтээ гаргасныхаа дараа эхнэрийн хамт Украинаас гарч, Францад албан томилолтоор ажиллаж буй бөгөөд Европын түншүүдэд дээрх асуудлын талаар мэдээлэх зорилготой гэж тайлбарласан байна. Харин Украины Авлигатай тэмцэх төвөөс түүнийг уг мэдэгдэлтэй холбоотойгоор гадаадад зорчих зөвшөөрөл авсан гэх байр суурь илэрхийлжээ.
Үүний зэрэгцээ УАТҮТ болон АТМПГ хамтарсан мэдэгдэл гаргаж, өөрсдийн үйл ажиллагаанд нь учирч буй улс төрийн дарамт, авлигатай тэмцэх байгууллагуудын хараат бус байдлыг алдагдуулах оролдлого гэж үзэж буйгаа мэдэгдсэн байна. Тус байгууллагууд хуульд нийцүүлэн ажиллаж, авлигатай тэмцэх тогтолцооны хараат бус байдлыг хамгаална гэж онцолжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский есдүгээр сарын 14-нд Кравченког албан тушаалаас нь чөлөөлөхийг парламентын гишүүдэд уриалсан байна. Үүний дараа есдүгээр сарын 15-нд Украины Дээд Радын 317 гишүүн ерөнхий прокурорыг огцруулах асуудлыг дэмжжээ.
Уг үйл явдал нь Украины Ерөнхий прокурорын газар, УАТҮТ болон АТМПГ-ын хоорондын эрх мэдэл, хараат бус байдлын асуудлаарх маргаан дахин хурцадсаныг харуулж буй аж.
Өмнө нь 2025 онд Украины эрх баригчид УАТҮТ болон АТМПГ-ын хараат бус байдлыг хязгаарлах хууль эрх зүйн өөрчлөлт хийхээр оролдсон боловч дотоодын эсэргүүцэл болон барууны түншүүдийн байр суурийн дараа уг шийдвэрийг цуцалж байжээ.
Эх сурвалж: RIA NOVOSTI