Сэлэнгэ аймгийн хэмжээнд хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал руу халдах тохиолдол нэмэгдэж, иргэд, малчид болон тариаланчдын аюулгүй байдалд эрсдэл үүсчээ. Үүсээд буй нөхцөл байдлын талаар тус аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Улсын онцгой комисс болон Засгийн газарт танилцуулж, шуурхай арга хэмжээ авах шаардлагатайг хэлсэн байна.

Сэлэнгэ аймгийн 10 суманд есдүгээр сарын 15-ны байдлаар хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирсэн нийт 50 гаруй тохиолдол бүртгэгдэж, 146 толгой мал баавгайд бариулжээ.

Баавгай зөвхөн малын хот, хашаанд орж мал барихаас гадна иргэдийн өдөр тутмын амьдрал, хөдөлмөр эрхлэлтэд шууд нөлөөлөх болсон байна. Тухайлбал, хадлан бэлтгэл болон тариалангийн ажилд гарч буй иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учирч, зарим иргэн гэр, орон байрандаа хэвийн амьдрах боломжгүй нөхцөл үүсээд байгаа аж. Түүнчлэн Хүдэр суманд баавгай айлын гэрт орж, гэрийг сүйтгэн нураасан тохиолдол гарсан байна.

Үүсээд буй нөхцөл байдлын улмаас Сэлэнгэ аймагт төрийн байгууллагын алба хаагчид болон багийн дарга нарыг баавгайн эргүүлд гаргах, иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх, баавгайг үргээх зэрэг арга хэмжээ авч байгаа аж.

Гэвч эдгээр арга хэмжээ нь тухайн үеийн нөхцөл байдлыг зохицуулахад чиглэсэн түр хугацааны арга хэмжээ болж байгааг Сэлэнгэ аймгийн Засаг дарга онцлов. Баавгайн идэвхжил нэмэгдэж, тохиолдлын тоо өсөж байгаа энэ үед орон нутгийн түвшинд дангаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ хангалтгүй байгаа тул улсын хэмжээнд нэгдсэн байдлаар шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж буй аж.

Мөн сум, орон нутгийнхан эргүүл, үргээлэг хийхэд шатахууны хомсдол, хүндрэл үүсэж байгааг дурджээ. Сэлэнгэ аймгийн удирдлага Улсын онцгой комисс болон Засгийн газарт нөхцөл байдлыг анхааралдаа авч, баавгайн идэвхжилтэй холбоотой эрсдэлийг бууруулах, иргэдийн амь нас, эрүүл мэнд, мал сүрэг, эд хөрөнгийг хамгаалах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг хүссэн байна.