Дизель түлшний үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрч, завсрын сонгууль болоход хоёр сар хүрэхгүй хугацаа үлдээд буй энэ үед Дональд Трамп Украины дайныг эцэслэх гэсэн тогтворгүй, бүтэлгүй кампанит ажлынхаа үеэр байнга ашигладаг нэгэн хэвшмэл аргадаа эргэн оржээ.
Тэрбээр хохирогчийг буруутгаж эхэлсэн байна. Түүний энэ цаг үеийг сонгосон нь Украины хувьд тун таагүй, харин Оросын хувьд ашигтай байж мэдэхээр байгаа аж.
АНУ-ын Ерөнхийлөгч ням гарагт сэтгүүлчдэд “Ноён Зеленский нэг л зүйл хийх хэрэгтэй. Тэр Оросын дизель түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн байгууламжуудыг устгахаа зогсоох ёстой. Энэ нь дэлхий дахинд хохирол учруулж байна” хэмээн мэдэгдсэн.
Трампын энэ байр суурь хамгийн сайнаар бодоход ч тогтворгүй, зөрчилтэй харагдаж байгаа аж. Учир нь, энэ мэдэгдлээс жил хүрэхгүй хугацааны өмнө, газрын тосны үнэ харьцангуй бага байх үед АНУ Украинд Оросын эрчим хүчний байгууламжуудыг онилон цохилт өгөхөд шаардлагатай тагнуулын мэдээлэл хуваалцах ажиллагаагаа нэмэгдүүлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байсан.
Мөн тэрбээр Ираны дайн дуусмагц шатахууны үнэ буурна гэж мэдэгдээд долоо хоног ч болоогүй бөгөөд энэ үеэрээ Украины дайны талаар огт дурдаагүй аж.
Шинжээчдийн үзэж байгаагаар, Украин Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд халдахаа зогсоовол шатахууны үнийн асуудал шийдэгдэнэ гэж үзэх нь бас бодит байдалтай нийцэхгүй.
Техас мужид төвтэй Lipow Oil Associates компанийн шинжээч Энди Липоугийн тооцоолсноор, Украины халдлагуудын хариуд Орос улс газрын тосны бүтээгдэхүүний экспортоо хориглосноор өдөрт ойролцоогоор 800 мянган баррель дизель түлш дэлхийн зах зээлээс хасагдсан байна. Харин Ормузын хоолой хаагдсан нь өдөрт 1.2 сая баррель газрын тосны нийлүүлэлтэд нөлөөлжээ.
Хамгийн муугаар бодоход, энэ нь Киевт дахин нэг удаа урвалт мэт хүндээр тусаж байна. Агаарын довтолгооноос хамгаалах хэрэгслийн ноцтой хомсдолтой нүүр тулсан Украин өөрт үлдсэн цөөн хэдэн хөзрийнхөө нэгийг ашиглаж буй аж. Тэр нь Оросын нутаг дэвсгэр дэх цэргийн машиныг болон түүнийг ажиллуулж буй эрчим хүчний нөөцүүдийг онилон цохилт өгөх явдал юм байна.
Оросын дрон болон пуужингийн бараг тасралтгүй халдлага үргэлжилж, Москва өвлийг зэвсэг болгон ашиглахаар ил тод төлөвлөж буй энэ үед Киевийн хувьд энэхүү урвалт бүр ч хүндээр тусаж байна.
Даваа гарагт Трамп Truth Social платформ дээрээ Орос, Украин хоёр эрчим хүчний байгууламжууд руугаа харилцан халдлага хийхээ зогсоохоор тохиролцсон гэж мэдэгдсэн. Гэвч бодит байдал дээр Киев ийм тохиролцоо хийгдээгүй, харин харилцан халдлагыг зогсоох тухай санал тавьсныг онцолсон байна.
Үүний дараа Кремль юуны өмнө энгийн арга хэрэглэжээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Трампыг тайвшруулах зорилготой мэт харагдах мэдэгдэлдээ уг саналыг “маш сайн санаа” хэмээн нэрлэж, “Бид Америкийн талтай холбоотой ажиллаж байна” гэжээ.
Мөн тэрбээр Украиныг буруутай мэт харагдуулахын тулд Оросын байнга ашигладаг худал дүр зургийг дахин давтсан байна. Песков “Бид үргэлж энх тайван замаар шийдвэрлэхийг дэмждэг” хэмээн мэдэгджээ.
Үүний дараа илүү нарийн алхам хийсэн. Өөрөөр хэлбэл, газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд хийж буй халдлагууд Оросын хувьд үнэндээ тийм ч муу зүйл биш гэдгийг илчилчихэлгүйгээр Украиныг түрэмгийлэгч тал мэтээр дүрслэхээ үргэлжлүүлэх шаардлагатай болсон байна.
Песков “Ийм түр эвлэрэл дотоодын зах зээлээ бүрэн хангах боломжийг бидэнд олгоно. Гэхдээ одоогийн байдлаар дотоодын зах зээл бараг бүрэн хангагдсан байна” хэмээн мэдэгджээ.
Ингэснээр тэрбээр асуудлыг газрын тос боловсруулах үйлдвэрүүдээс холдуулж, сүүлийн үед Украины халдлагад өртөж буй Оросын газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцуудын асуудал руу шилжүүлсэн байна. Харин Оросын зүгээс худалдааны усан онгоц болон Украины боомтуудад хийж буй халдлагуудын талаар огт дурдаагүй аж.
Эцэст нь, Песков хамгийн хүчтэй шаардлагаа тавьжээ. Тэр “Хоёр дахь зайлшгүй шаардлагатай алхам бол мэдээж хориг арга хэмжээнүүдийг цуцлах явдал. Зөвхөн тэр үед л дэлхий дахин эдгээр газрын тосны бүтээгдэхүүнээр зохих хэмжээнд хангагдах болно” хэмээн хэлсэн байна.
Кремль энэ нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар ашиглах боломж нээгдэж байна гэж үзэж байж болох юм. Ираны дайн газрын тосны нийлүүлэлтэд заналхийлсэн энэ оны эхээр АНУ Оросын эсрэг тавьсан зарим хориг арга хэмжээг түр хугацаанд сулруулж байсан. Харин энэ удаагийн алхам нь эсрэгээрээ өөр үр дүн гарахаас урьдчилан сэргийлэх гэсэн оролдлого ч байж болох юм.
Энэ долоо хоногт Трампын засаг захиргаа Ирантай холбоотой харилцааных нь улмаас Оросын хамгийн том банкуудын нэгэнд хориг тавьсан бөгөөд үүнтэй зэрэгцэн АНУ-ын Төлөөлөгчдийн танхим сенатор Линдси Грэм нас барахаасаа өмнө хамтран боловсруулсан Оросын эсрэг өргөн хүрээний хориг арга хэмжээний тухай хуулийн төслийг санал хураалтад оруулахад улам ойртож байна.
Зеленскийн хувьд энэ бүхэн сэтгэл хөдлөлийн огцом савлагаа мэт санагдаж байгаа нь гарцаагүй. Ердөө долоо хоногийн өмнө Трампын гадаад бодлогын элч төлөөлөгчид олон сар хүлээлгэсэн Украины анхны айлчлалаа хийж, Киевийн төвд камерын өмнө Зеленскийтэй тэврэлдэн, дипломат үйл явцад шинэ эрч хүч орж болох найдвар төрүүлж байсан. Гэвч анхааруулах дохио аль хэдийнэ харагдаж байжээ.
Тэд эхлээд Орост очсон. Трамп дараа нь Путинтэй утсаар ярьсан боловч Зеленскийтэй холбогдоогүй. Мөн Украинд Patriot пуужин сөнөөгч систем нийлүүлэх асуудал яригдсан хэвээр байгаа ч Трамп энэ долоо хоногт Киевт “илүү энгийн хувилбар” нийлүүлэх талаар авч үзэж байгаагаа мэдэгдсэн билээ.
Трампын Путинд илэрхийлдэг хувийн хандлага, дизель түлшний үнийн өсөлтөд Украиныг буруутгасан шийдвэрийнх нь баримтын зөрчилтэй байдлыг түр хойш тавьсан ч бид энэ мөргөлдөөний эхнээс л гол маргаан болж ирсэн асуудал руугаа эргэн очиж байна.
Дэлхийн эрчим хүчний зах зээлд системийн хувьд чухал байр суурь эзэлдэг газрын тос үйлдвэрлэгч Оросыг өөрийгөө хохироохгүйгээр хэрхэн шийтгэх вэ? Мөн газрын тосны үнэ өсөх үед үүнийг хийх улс төрийн хүсэл зориг дахин алга болох уу?
Эх сурвалж: CNN