БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд БНАСАУ байгуулагдсаны 78 жилийн ойг тохиолдуулан илгээсэн мэндчилгээний хариу цахилгаан илгээжээ.
Ким Жон Уны хэлсэн үгийг БНСУ-ын Төв цахилгаан мэдээний агентлаг (ЦТАК) иш татан мэдээлсэн байна. Тэрбээр “Өнөөдөр БНАСАУ болон ОХУ хоёр улс, ард түмэн түүхийн хүнд хэцүү шуурган дунд харилцан итгэлцэл, эв нэгдлээ бэхжүүлж, шударга ёс, энх тайвныг хамтран хамгаалан, агуу их холбоотны түүхэнд шинэ хуудсуудыг үргэлжлүүлэн бичиж байна” хэмээн тэмдэглэсэн байна.
БНАСАУ-ын Төрийн хэрэг эрхлэх хорооны дарга мөн ОХУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, гүнзгийрүүлэх засгийн газрын байр суурь хэзээ ч өөрчлөгдөхгүйг онцолжээ.
Ким Жон Ун “Өнөөдөр ОХУ улс орныхоо аюулгүй байдлын ашиг сонирхол болон олон улсын шударга ёсыг хамгаалах ариун дайнд ялалт байгуулна гэдэгт би бат итгэлтэй байна” хэмээн мэдэгдээд, Оросын ард түмнийг тууштай дэмжихээ амласан байна. Тэрбээр мөн ОХУ-д ялалт, алдар нэрийг хүсэн ерөөжээ.
Есдүгээр сарын 9-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНАСАУ байгуулагдсаны 78 жилийн ойг тохиолдуулан Ким Жон Унд баярын цахилгаан илгээсэн байна. Уг цахилгаанд ОХУ-ын төрийн тэргүүн бүс нутгийн аюулгүй байдлыг хангах чиглэлд стратегийн түншлэлийн харилцаагаа бэхжүүлэхийн төлөө хоёр улс цаашид ч хамтран ажиллахаа мэдэгджээ.
Эх сурвалж: TASS