Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр “Монголын шувуу хамгаалах төв”-ийн захирал П.Ганхуяг, Төслийн менежер П.Амартүвшин нартай уулзаж, цахилгаан түгээх шугамд махчин шувууг хүчдэлд цохиулахаас хамгаалах ажлын үр дүнтэй танилцжээ.
Төслийн хүрээнд 15 аймгийн 100 орчим сумын 69 цахилгаан түгээх шугамд хамгаалалтын ажил хийж, 26 мянга гаруй шонгийн хөндлөвч, оройг тусгаарлагч бүрээсээр бүрсэн байна.

2023 оны судалгаагаар, бүрэн хамгаалалт хийсэн шонгуудад махчин шувууны хорогдол хамгаалалтгүй шонтой харьцуулахад 95 хувиас дээш буурсан үзүүлэлттэй байсан аж. Судалгаа, мэдээлэлд тулгуурласан энгийн шийдэл олон мянган шувууг хамгаалах боломжтойг уг ажил харуулсан байна.
Цаашид хамгаалалт хийгдээгүй шугамуудыг хамруулах, шинээр барих шугамыг анхнаас нь шувуудад аюулгүй төлөвлөхөд эрчим хүчний салбар, хувийн хэвшлийн оролцоо чухал болохыг онцлоод шувуу судлал, хамгааллын чиглэлээр тууштай ажиллаж буй судлаачид, хамтрагч байгууллагуудад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга талархал илэрхийлжээ.
Уулзалтын үеэр махчин шувуудын үржил, нүүдэл шилжилт, идэш тэжээл, экосистемд гүйцэтгэх үүргийг судалж буй ажлуудын талаар харилцан санал солилцлсон байна.

