Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-аас санал болгосон Украин, Орос хоёр эрчим хүчний дэд бүтцийн объектууд руу харилцан цохилт өгөхөө зогсоох тохиролцоог тодорхой нөхцөлтэйгөөр дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр есдүгээр сарын 14-ний даваа гаргийн орой ард иргэддээ хандаж хийсэн видео мэдэгдэлдээ "Вашингтон Орос улс дайныг зогсоох бодитой бэлэн байдалтай байгааг баталгаажуулсан тохиолдолд л Киев хурцадмал байдлыг намжаах алхам хийнэ" гэж онцолжээ.

Зеленский “Одоогийн байдлаар АНУ-аас эрчим хүчний чухал дэд бүтцэд харилцан цохилт өгөхөө зогсоох тухай ноцтой санал гаргасан. Хэрэв энэ нь хурцадмал байдлыг намжаах эхний алхам болж чадвал, өөрөөр хэлбэл Орос манай амин чухал дэд бүтцэд цохилт өгөхөө, мөн бид хариу цохилт өгөхөө зогсоохыг хэлж байгаа юм. Украин ийм алхмыг дэмжихэд бэлэн” гэж хэлсэн байна. 

Зеленский: Орос дайныг дуусгах хүсэлтэй байгааг хэн ч хараагүй

Украины Ерөнхийлөгч “Одоогийн байдлаар Орос улс дайныг дуусгах чин хүсэлтэй байгааг хэн ч хараагүй” хэмээн мэдэгджээ. Тэрбээр “Хүчтэй, шударга шийдвэр хэрэгтэй. Энэ нь түр зуурын биш, урт хугацаанд үйлчлэх шийдвэр байх ёстой. Бид түнш орнуудаасаа тодорхой санал, алхмуудыг хүлээж байна” хэмээн дүгнэсэн байна.

Трамп: Орос, Украин эрчим хүчний объектууд руу цохилт өгөхөө зогсоохоор тохиролцсон

Тэр өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн Truth Social нийгмийн сүлжээндээ "Орос болон Украин бие биенийхээ эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхөө зогсоохоор тохиролцсон" гэж мэдэгдсэн байна. Мөн дэлхийн хэмжээнд дизель түлшний үнэ өсөж буй тухайд тэрбээр “ихэнхдээ” Орос, Украины дайнаас шалтгаалж буй бөгөөд энэ нь АНУ, Ираны хоорондын зөрчилтэй холбоогүй гэж тайлбарлажээ.

Одоогийн байдлаар ОХУ-ын талаас Цагаан ордны тэргүүний энэхүү мэдэгдэлтэй холбоотой албан ёсны тайлбар гараагүй байгаа аж.

Financial Times сонин Кремлийн байр суурийг мэдэх эх сурвалжуудаас авсан мэдээлэлдээ тулгуурлан "ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өвөл болохоос өмнө Украины эрчим хүчний дэд бүтцэд хийх халдлагаа зогсоох бодолгүй байна" гэж мэдээлжээ. Учир нь, "Энэ нь Киевт үзүүлэх дарамтыг нэмэгдүүлж, Украин буулт хийхэд хүргэж болзошгүй" гэж Москва үзэж байгаа аж.

Мөн наймдугаар сарын сүүлээр ОХУ-ын Батлан хамгаалах яам Украины эрчим хүчний объектуудын эсрэг шинэ, өргөн хүрээний цохилт хийхээр бэлтгэж байгаа талаар мэдэгдсэн байна. Үүнээс нэг өдрийн өмнө Трамп Киевийг Оросын дизель түлшний дэд бүтцэд цохилт өгөхөө зогсоохыг уриалжээ. Тэрбээр “Та нар Оросын дизель түлшний объектууд руу цохилт өгөхөө зогсоох хэрэгтэй. Энэ нь дэлхий нийтэд хохирол учруулж байна” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: DW