ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров "ОХУ Украинтай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн боловч хэлэлцээ үргэлжлэх хугацаанд цэргийн ажиллагаагаа зогсоохгүй" гэж мэдэгджээ.

Тэрбээр есдүгээр сарын 12-нд Энэтхэгийн нийслэл Нью-Дели хотноо болж буй БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө энэ байр суурийг илэрхийлсэн байна.

Лавровын хэлснээр, ОХУ Украины талтай яриа хэлэлцээ хийхээс татгалзаагүй бөгөөд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский уулзах хүсэлтэй байгаа бол Москвад хүрэлцэн ирэх боломжтой аж.

Лавров “Хэрэв Зеленский уулзахыг хүсэж байгаа бол Москвад ирэг” хэмээн мэдэгдсэн байна. Москва хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ ийн илэрхийлж байгаа боловч хэлэлцээний үеэр гал зогсоох, цэргийн ажиллагааг түр зогсоох асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр сууриа дахин бататгав.

Песков: Путин, Зеленский нарын G20-ийн уулзалт боломжгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Украины Ерөнхийлөгч Зеленскийн дэвшүүлсэн уулзалтын саналыг няцаажээ.

Зеленский есдүгээр сарын 11-нд DW-д өгсөн ярилцлагадаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин G20-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох тохиолдолд түүнтэй АНУ-ын Майами хотод уулзахад бэлэн болохоо мэдэгдсэн.

Песковийн хэлснээр, хоёр улсын төрийн тэргүүний G20-ийн хүрээнд хийх уулзалт одоогийн байдлаар боломжгүй бөгөөд Москвагийн байр суурь өөрчлөгдөөгүй байна. Тэрбээр "Владимир Путин Зеленскийтэй уулзахад бэлэн байгаа ч уулзалт Москва хотод болох ёстой" гэж мэдэгджээ.

Зеленский: “Үг биш, үр дүн чухал”

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский есдүгээр сарын 11-нд DW-д ярилцлага өгөхдөө Путинтэй биечлэн уулзаж, дайныг зогсоох асуудлаар шууд ярилцах шаардлагатай гэж мэдэгдсэн.

Тэрбээр хэрэв Путин G20-ийн дээд хэмжээний уулзалтад оролцвол Майамид түүнтэй уулзахад бэлэн гэдгээ хэлээд, “Ярих зүйлээс илүү үр дүн чухал” гэсэн байр суурь илэрхийлсэн байна.

Путин, Зеленский нар ОХУ Украинд бүрэн хэмжээний цэргийн ажиллагаа эхлүүлсэн 2022 оны хоёрдугаар сараас хойш биечлэн уулзаагүй байгаа юм. Мөн Путин 2019 оноос хойш G20-ийн дээд хэмжээний уулзалтуудад биечлэн оролцоогүй байна.

Энхийн хэлэлцээний нөхцөл тодорхойгүй хэвээр байна

Москва, Киевийн талууд хэлэлцээ хийх боломжийг үгүйсгэхгүй байгаа ч хаана, ямар нөхцөлөөр уулзах, гал зогсоох эсэх, дайныг эцэслэх ямар тохиролцоонд хүрэх зэрэг гол асуудлуудаар байр суурийн зөрүүтэй хэвээр байгаа аж. 

Есдүгээр сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай төлөөлөгч Стив Уиткофф болон Жаред Кушнер нар Москва, Киевт айлчилж, энхийн хэлэлцээг сэргээх оролдлого хийсэн. Гэвч Financial Times сонинд мэдээлснээр уг айлчлалууд тодорхой үр дүнд хүрээгүй байна.

Эх сурвалж: DW