АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг Оросын түлшний дэд бүтцэд, тэр дундаа нефть боловсруулах үйлдвэрүүдэд хийх цохилтоо зогсоохыг уриалжээ.

Трамп Ирландад айлчлах үеэрээ сэтгүүлчидтэй ярилцахдаа "Зеленский Оросын дизель түлшний үйлдвэрлэлийг доголдуулах ажиллагаагаа зогсоох хэрэгтэй. Дизель түлшний хомсдол үүсгэж байна. Энэ нь Ойрхи Дорнодтой холбоогүй, харин Орос, Украины хоорондын мөргөлдөөнөөс үүдэлтэй" хэмээн мэдэгдсэн байна.

Өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр АНУ-ын Эрчим хүчний сайд Крис Райт "Украины Зэвсэгт хүчний Оросын нефть боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн цохилт нь дэлхийн зах зээлд нийлүүлэгдэж буй дизель түлшний хэмжээнд нөлөөлсөн хүчин зүйлүүдийн нэг болсон" гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, үүссэн нийлүүлэлтийн доголдол хэдийнэ дэлхийн зах зээл дэх түлшний үнэд нөлөөлж эхэлсэн байна.

Энэ долоо хоногт АНУ-д дизель түлшний нэг галлоны дундаж үнэ түүхэндээ анх удаа зургаан ам.долларт хүрчээ.

Сүүлийн саруудад ОХУ-д шатахууны нийлүүлэлттэй холбоотой доголдол ажиглагдах болсон байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эдгээр хүндрэлүүдийг түр зуурын шинжтэй гэж тодорхойлоод, Киевийн эрх баригчид нөхцөл байдлыг хурцатгахыг оролдож байгаатай холбон тайлбарлажээ.

Үүний зэрэгцээ ОХУ-ын Засгийн газар хэд хэдэн арга хэмжээ авч, бензинээс гадна дизель түлшний экспортыг ч хориглосон байна.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Кремльд АНУ-ын тусгай элч Стив Уиткофф болон АНУ-ын Ерөнхийлөгчийн хүргэн Жаред Кушнер нарыг хүлээн авч уулзсан. Үүний дараа тэд Киевт айлчилжээ.

Тэдний айлчлалын дараа есдүгээр сарын 8-нд Путин, Трамп нар утсаар ярилцсан бөгөөд энэ үеэр Цагаан ордны тэргүүн Украины мөргөлдөөнийг аль болох хурдан зогсоох нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн байна.

Түүний үзэж байгаагаар, мөргөлдөөнийг зогсоосноор АНУ, ОХУ-ын харилцааг бүрэн сэргээх өргөн боломж, томоохон өөрчлөлтүүдийн эхлэл тавигдах ажээ.

Эх суралж: RIA NOVOSTI