АНУ Украинд Patriot агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн системд ашигладаг, харьцангуй хуучирсан хувилбарын пуужин үйлдвэрлэх лиценз олгох боломжийн талаар Киевтэй хэлэлцэж буй ажээ. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирландаас АНУ руу нисэх онгоцоор зорчиж байхдаа сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ мэдэгдсэн байна.

Сэтгүүлчид Трампаас АНУ Украинд Patriot системийн пуужин үйлдвэрлэх лиценз олгохоор төлөвлөж байгаа эсэхийг асуухад тэрбээр "Энэ асуудлаар хэлэлцэж байна" хэмээн хариулжээ. Тэрбээр энд яригдаж буй зүйл нь илүү орчин үеийн бус, харьцангуй хуучин хувилбарын пуужин сөнөөгч буюу агаарт буй байг устгах зориулалттай пуужингууд болохыг тайлбарласан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч "Та нар миний юу хэлж байгааг ойлгож байна уу? Илүү орчин үеийн бус, нэлээд хуучин хувилбаруудын тухай ярьж байна" хэмээн нэмж хэлжээ.

Үүний зэрэгцээ Трамп Европын орнууд Украинд Patriot системд ашиглах пуужин сөнөөгчийг худалдахаар төлөвлөж буй талаар тайлбар өгөхийг хүссэн сэтгүүлчдийн асуултад тодорхой хариулт өгөөгүй байна.

Тэрбээр "Бидэнд тодорхой төрлийн зэвсгийн их хэмжээний нөөц бий, зарим нь бараг хязгааргүй хэмжээгээр байгаа гэж хэлж болно. Харин хамгийн өндөр зэрэглэлийн, дэвшилтэт зэвсгийн тухайд гэвэл тэдгээрийн нэлээд хэсгийг Украинд шилжүүлсэн. Гэхдээ бид эдгээр нөөцөө маш хурдан нөхөн сэргээж байна" хэмээн мэдэгджээ.

Есдүгээр сарын эхээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио "Украин АНУ-аас лиценз авсан тохиолдолд ч Patriot пуужинг үйлдвэрлэх үйлдвэрүүдийг барьж байгуулахад хэдэн жил шаардагдана" гэж мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, Patriot систем нь "туйлын нарийн төвөгтэй зэвсэглэл" учраас Украинд үйлдвэрлэлийн лиценз олгосон ч богино хугацаанд үүсээд буй ийм төрлийн агаарын довтолгооноос хамгаалах системийн хомсдолын асуудлыг шийдвэрлэх боломжгүй ажээ.

Рубио мөн холбогдох хэлэлцээ үргэлжилж буй бөгөөд ирээдүйд тодорхой үр дүнд хүрч магадгүй гэж нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: TASS