АНУ, ОХУ болон Украины оролцоотойгоор дайн мөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах зорилготой хэлэлцээ аравдугаар сард болж магадгүй байгаа аж. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков есдүгээр сарын 13-ны ням гарагт энэ боломжийн талаарх мэдээллийг үгүйсгээгүй байна.

Тэр "Тийм ээ, ийм боломжийг бид үгүйсгэхгүй. Бид ойрын ирээдүйн талаар ярьж байна. Өөрөөр хэлбэл, урьдчилсан байдлаар аравдугаар сар гэж үзэж болох бөгөөд аравдугаар сард болохыг үгүйсгэх аргагүй" хэмээн хэлжээ.

Песковын хэлснээр, БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар мөргөлдөөнийг шийдвэрлэхэд ОХУ-ын удирдагч Владимир Путинд тусламж үзүүлэх идэвхтэй санал дэвшүүлсэн байна. Үүний зэрэгцээ Абу-Даби хотод хэлэлцээ хийх боломжийн талаар мөн ярилцжээ.

Кушнер: Бүтээлч шийдэл олох хэрэгтэй

Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч бөгөөд хүргэн Жаред Кушнер "YES Annual Meeting 2026" форумд цахим хэлбэрээр оролцохдоо нутаг дэвсгэрийн асуудал нь мөргөлдөөнийг зохицуулах замд тулгарч буй хамгийн хүнд асуудал болохыг онцолжээ.

Тэр "Зуучлагчдын хувьд бидний зорилго бол Украины ашиг сонирхлыг зөрчихгүйгээр бүтээлч шийдэл олох явдал юм" хэмээн онцолсон байна. Түүний хэлснээр, хоёр тал цаашид урагшлах боломжтой бөгөөд мөргөлдөөн дахин давтагдахаас сэргийлэх зохицуулалтын хүрээнд тохиролцоонд хүрэх томьёолол шаардлагатай байгаа аж.

Москва Майамид уулзах саналыг няцаав

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Өмнө нь Нью-Дели хотод болсон уулзалтын үеэр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг хэлэлцээ хийхээр Москвад хүрэлцэн ирэхийг дахин санал болгосон байна.

Песков AFP агентлагт "ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нарын хооронд G20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Майами хотод уулзах боломжгүй" хэмээн мэдэгдэж, Украины удирдагчийн энэхүү саналыг няцаажээ.

Зеленский: Путинтэй G20-ийн үеэр уулзахад бэлэн

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский есдүгээр сарын 11-нд "Deutsche Welle" агентлагт өгсөн ярилцлагадаа ОХУ-ын удирдагч уг арга хэмжээнд оролцох тохиолдолд арванхоёрдугаар сард Майами хотод болох "Их 20"-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Владимир Путинтэй уулзахад бэлэн болохоо мэдэгдсэн байна.

Тэр  "Тийм ээ, мэдээж хэрэг. Бид очих ёстой. Бид уулзаж, ярилцаж, шийдвэр гаргах хэрэгтэй. Энд үг яриа гол зүйл биш. Би түүнд юу хэлэх, эсвэл тэр надад юу хэлэхийг хүсэж байгаа нь чухал биш. Хамгийн чухал зүйл бол үр дүн. Ердөө л энэ" хэмээн онцолсон байна.

Эх сурвалж: DW