Энэтхэгийн Нью-Дели хотноо болж буй БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын гол сэдэв нь дэлхийн засаглалын тогтолцоог шинэчлэх, олон улсын санхүүгийн байгууллагуудыг реформ хийх, худалдааны шинэ дүрэм бий болгох болон олон туйлт дэлхийн дэг журмыг бэхжүүлэх асуудал байв.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар дэлхий дахинд өрнөж буй геополитик, эдийн засаг, технологийн өөрчлөлтийн нөхцөлд одоо байгаа олон улсын институцуудыг шинэчлэх шаардлагатайг онцолжээ.

Нью-Делид Путин, Моди нар хоёр долоо хоногийн дотор хоёр дахь удаагаа уулзсан байна. Хоёр удирдагч хоёр талын уулзалтын дараа нэг автомашинд хамт сууж, олон улсын аж үйлдвэрийн үзэсгэлэнг зорьсон нь анхаарал татжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, тэд замдаа ч хоёр улсын харилцаа болон олон улсын хамгийн чухал асуудлуудын талаар үргэлжлүүлэн ярилцсан байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Хоёр улсын удирдагчдын ийнхүү хамт зорчсон нь тэдний харилцааны онцгой түвшнийг харуулж байна" гэж тайлбарлажээ.

Моди энэ үеэр Путинд Тамилын мэргэн ухааны ариун судар болох “Тируккурал” ном бэлэглэсэн байна. Энэ нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард түүнд орос хэл дээрх “Бхагавад Гита” ном бэлэглэж байсан уламжлалын үргэлжлэл болжээ.

БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын нэгдсэн хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Моди тус холбооны дотоодын нэгдэл, зөвшилцлийг олон улсын тавцанд бодит үр дүнд хүргэх цаг болсныг мэдэгдээд, ойрын 20 жилийн БРИКС-ийн хөгжлийн шинэ, амбицтай хөтөлбөр боловсруулахыг санал болгосон байна. Тэрбээр мөн тус холбооноос гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, залгамж чанарыг хангах тусгай механизм бий болгох шаардлагатайг онцолжээ.

Модигийн үзэж байгаагаар, дэлхийн засаглалын өнөөгийн тогтолцоог шинэчлэх нь хамгийн тулгамдсан асуудлын нэг бөгөөд БРИКС-ийн орнууд хамтран арван томоохон санаачилга боловсруулж, тэдгээрийг дараагийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх тодорхой замын зураг болгох хэрэгтэй аж.

Тэрбээр өнөөгийн олон улсын тогтолцоог эрх мэдэл, шийдвэр гаргах үйл явц цөөн хэдэн улсын гарт төвлөрсөн “пирамид”-тай зүйрлээд, үүнийг улс бүр өөрийн байр сууриа илэрхийлэх эрхтэй, харилцан түншлэлд тулгуурласан тогтолцоогоор солих шаардлагатай гэж мэдэгджээ.

Мөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийг хойшлуулахгүй байх, уг асуудлаарх хэлэлцээг тодорхой хугацаа болон бодит үр дүнтэй уялдуулахыг уриалсан байна.

Путин энэ санааг үргэлжлүүлэн БРИКС-ийг "дэлхийн засаглалын гол төвүүдийн нэг" хэмээн тодорхойлжээ. Түүний хэлснээр, БРИКС-ийн орнууд дэлхийн хүн амын бараг тал хувийг бүрдүүлж, дэлхийн газар нутгийн гуравны нэгийг хамарч, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний ойролцоогоор 40 хувийг бий болгож байгаа аж.

Оросын удирдагч дэлхий дахинд геополитик, эдийн засаг, технологи болон нийгмийн өргөн хүрээтэй өөрчлөлтүүд өрнөж, хүний амьдралын хэв маяг, анагаах ухааны түвшин, хүрээлэн буй орчны чанар, нийгмийн бүтэц, хүн ам зүйн зураглал хүртэл өөрчлөгдөж буйг онцолсон байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн үзэж байгаагаар, олон улсын харилцааны нэг туйлт тогтолцоо аажмаар өнгөрсөн үе болон үлдэж, дэлхийн хүчний тэнцвэр шинэ өсөлтийн төвүүд болох Глобал Өмнөд болон Дорнодын орнуудын талд шилжиж байгаа аж.

Путин "Гэвч олон туйлт дэлхийн тогтолцоо бүрэлдэх үйл явц амаргүй бөгөөд хуучин колоничлолын хандлагаар сэтгэдэг, дэлхийн эрх мэдлийн бүтцийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн бус хүчнүүд үүнд эсэргүүцэл үзүүлж байна" гэж хэлжээ.

Тэрбээр "Тарифын дайн, хориг арга хэмжээ, эдийн засгийн дарамт шахалт, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох болон хүч хэрэглэх зэрэг арга замаар өсөн нэмэгдэж буй өрсөлдөгчдөө тогтоон барих оролдлого хийж байна" хэмээн шүүмжилсэн байна.

Энэ нөхцөлд Путин олон талт хамтын ажиллагааг бэхжүүлж, дэлхийн засаглалын үйл явцад илүү олон улс оролцох боломж бүрдүүлэхийг уриалжээ. Тэрбээр "НҮБ-ын дэлхийн үйл хэрэгт гүйцэтгэх төв байр суурийг Орос улс онцгой ач холбогдолтой гэж үздэг бөгөөд НҮБ-ын дүрмийг олон улсын эрх зүйн үндсэн эх сурвалж" хэмээн тодорхойлсон байна.

Үүний зэрэгцээ Москва НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Ази, Африк болон Латин Америкийн орнуудын төлөөллийг нэмэгдүүлэх замаар өргөжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Харин БНХАУ-ын дарга Ши Жиньпин мөн дэлхийн засаглалын тогтолцоог шинэчлэх шаардлагатайг онцолж, БРИКС-ийн орнууд энэ үйл явцад тэргүүлэх үүрэг гүйцэтгэх ёстой гэж мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, БРИКС хөгжиж буй зах зээлтэй орнуудын хамтын ажиллагааны дэлхийн хамгийн нөлөө бүхий платформуудын нэг болсон бөгөөд цаашид дэлхийн энх тайвныг хамгаалах, инновацийг дэмжих чиглэлд илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэх шаардлагатай аж.

Ши Жиньпин мөн хиймэл оюун ухааны технологид тулгуурласан шинэ үйлдвэржилтийг хөгжүүлэх санаачилгыг Хятад улс дэвшүүлж байгааг танилцуулжээ.

Бээжин БРИКС-ийн орнуудтай шинжлэх ухаан, судалгаа болон практик хэрэглээний чиглэлээр хамтран ажиллахын зэрэгцээ үйлдвэрлэл, ложистикийн сүлжээн дэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлсэн байна.

Дараагийн БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт 2027 онд Хятадад зохион байгуулагдах ажээ.

Үүний зэрэгцээ дэлхийн эдийн засагт гарч буй өөрчлөлттэй уялдуулан Олон улсын валютын сан, Дэлхийн банк болон Дэлхийн худалдааны байгууллагын үйл ажиллагааг шинэчлэх шаардлагатайг Путин онцолсон байна.

Түүний хэлснээр, эдгээр байгууллагууд өнөөгийнхөөс огт өөр улс төр, эдийн засгийн нөхцөлд байгуулагдсан, дэлхийн эдийн засгийн идэвхжил хөгжиж буй зах зээлүүд рүү улам бүр шилжиж байгаа өнөөгийн нөхцөлд дасан зохицохдоо хүндрэлтэй байгаа аж.

Гэсэн хэдий ч ОУВС, Дэлхийн банк, ДХБ нь дэлхийн тэргүүлэх эдийн засгуудын хоорондын яриа хэлэлцээний чухал суваг хэвээр байгаа тул БРИКС-ийн орнууд эдгээр байгууллагын хүрээнд хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо нэмэгдүүлэх ёстой гэж Путин үзжээ.

Үүний зэрэгцээ тэр "БРИКС-ийн өөрийн санхүүгийн механизмууд, тэр дундаа БРИКС-ийн Шинэ хөгжлийн банкны үүргийг нэмэгдүүлэх шаардлагатай" гэж хэлсэн байна.

Дээд хэмжээний уулзалтын үеэр Ираны асуудал мөн анхаарал татжээ. Уулзалтын эцсийн тунхаглалыг боловсруулах явцад Ирантай холбоотой асуудлаар тодорхой санал зөрөлдөөн гарсан боловч эцэст нь БРИКС-ийн орнууд 2026 оны Делигийн тунхаглалыг баталжээ.

Тунхаглалд цөмийн дайн гарах эрсдэл нэмэгдэж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлж, зэвсгийн хяналт болон цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх чиглэлд хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриалсан байна.

Мөн Ойрхи Дорнодод цөмийн болон бусад үй олноор хөнөөх зэвсгээс ангид бүс байгуулах тухай тогтоолуудыг хэрэгжүүлэхийг уриалж, сансарт зэвсгийн уралдаан өрнүүлэхээс сэрэмжлүүлжээ. Үүний зэрэгцээ хууль бус нэг талын хориг арга хэмжээг цуцлахыг уриалж, хиймэл оюун ухаан нь эдийн засгийн өсөлтийг дэмжих өндөр боломжтойг хүлээн зөвшөөрсөн байна.

Ийнхүү Нью-Делид болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын гол мессэж нь дэлхийн улс төр, эдийн засгийн өөрчлөлтөд одоогийн олон улсын байгууллагуудыг нийцүүлэн шинэчлэх, хөгжиж буй орнуудын дэлхийн шийдвэр гаргах үйл явц дахь оролцоог нэмэгдүүлэх, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэжээ.

Моди уулзалтын төгсгөлд “хуучин институциудаар өөрчлөгдөж буй дэлхийг удирдах боломжгүй”-г онцолж, төлөөлөл, шинэ сорилтод хариу өгөх чадавх болон олон улсын дүрэм боловсруулах гэсэн гурван чиглэлд өөрчлөлт хийх шаардлагатай гэж дүгнэжээ.

Дээд хэмжээний уулзалтын үндсэн өдрийн төгсгөлд БРИКС-ийн удирдагчид Нью-Дели хотын “Бхарат Мандапам” конгресс, үзэсгэлэнгийн төвийн цэцэрлэгт хамтдаа баньян мод тарьсан байна. Өргөн титэмтэй энэхүү мод нь БРИКС-ийн орнууд ирээдүйн төлөө хүчин чармайлтаа нэгтгэж буйн бэлгэдэл болжээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI