Украины албаны хүмүүс бямба гарагт "Украин улс дэд бүтэц болон экспортын гол салбарууд руу чиглэсэн Оросын эрчимжсэн халдлагын улмаас эдийн засагт учрах дарамт нэмэгдэж, улсын төсвийн хямрал улам гүнзгийрч байгаа энэ үед маш хүнд өвөлтэй нүүр тулахаар бэлтгэж байна" гэж мэдэгджээ.
Украины Эдийн засгийн сайд Александр Кравченко Оросын агаарын цохилтын улмаас энэ онд дэд бүтэц болон үндсэн хөрөнгөд учирсан хохирол 10 тэрбум ам.долларт дөхөж, халдлагуудын эдийн засагт үзүүлж буй нийт нөлөө, мөн Украины боомтуудын үйл ажиллагаа бодит байдал дээр хаагдсан нь тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг ойролцоогоор 1.5 нэгж хувиар бууруулах хэмжээнд хүрсэн гэж мэдэгджээ.
Кравченко Киев хотод болсон YES-ийн бага хурлын үеэр хөрөнгө оруулагчид, төрийн албан тушаалтнууд болон дипломатуудад хандан хэлэхдээ, “Оросын халдлагын улмаас өдөр бүр сүйдэж байгаа чухал дэд бүтцийн хувьд ч, улс орны эдийн засгийн ерөнхий нөхцөл байдлын хувьд ч бид маш хүнд өвөл болно гэж тооцож байна” хэмээн онцолсон байна.
Тэрбээр энэ бүхэн Украины улсын төсөв болон санхүүгийн боломж маш хязгаарлагдмал болсон үед тохиож буйг мөн тэмдэглэжээ.

Украины дайн дөрвөн жил гаруйн хугацаанд үргэлжилж, фронтын шугам дахь байлдааны ажиллагаа харьцангуй саарсан энэ үед Орос болон Украин аль аль нь бие биенийхээ дайны хүчин чадлыг сулруулахын тулд ложистикийн сүлжээ болон эдийн засгийн бусад чухал объектуудыг улам бүр онилох болсон.
Орос улс сүүлийн хоёр гаруй долоо хоногийн турш Киев хот руу бараг тасралтгүй довтолж, илүү хурдтай, тийрэлтэт хөдөлгүүртэй нисгэгчгүй онгоцууд ашиглаж буй нь иргэдийн өдөр тутмын амьдрал, бизнесийн үйл ажиллагаа болон төрийн байгууллагуудын ажилд саад учруулж байгаа аж.
Орос болон Украины аль аль нь агаарын цохилтоор энгийн иргэдийг зориудаар онилдог гэх мэдээллийг үгүйсгэж буй юм.
Үүний зэрэгцээ Москва Украины өмнөд бүс нутгуудад хийх агаарын довтолгоогоо эрчимжүүлснээр тус улсын Хар тэнгисийн боомтуудын үйл ажиллагааг бодит байдал дээр хаасан байна.
Кравченкогийн хэлснээр, энэхүү бүслэлтийн улмаас Украины ойролцоогоор 40 тэрбум ам.долларын экспортын орлого эрсдэлд ороод байгаа аж. Украины экспортын гол бүтээгдэхүүн болох хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, төмөр болон гангийн ихэнх хэсгийг Хар тэнгисийн боомтуудаар дамжуулан тээвэрлэдэг байна.
Төсвийн орлого буурч байна
Оросын халдлагын улмаас Украины дэд бүтэц болон үйлдвэрлэлийн салбарууд хохирч байгаа энэ үед улсын дотоодын төсвийн орлогод ч дарамт нэмэгдэж эхэлжээ.
Украины парламентын Төсвийн хорооны дарга Роксолана Пидласа хэлэхдээ, энэ оны эхний найман сарын хугацаанд дотоодын төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 1.35 тэрбум ам.доллароор дутаж, уг алдагдлын дөрөвний нэг нь зөвхөн наймдугаар сард бий болсон байна.
Түүний хэлснээр, дайн улам бүр өндөр өртөгтэй болж, Украин улс өмнөх жилүүдийн адил батлан хамгаалах хэрэгцээгээ зөвхөн дотоодын эх үүсвэрээр бүрэн санхүүжүүлэх боломжгүйд хүрчээ.
Украин энэ оны эхний найман сарын хугацаанд цэргийн тусламж хэлбэрээр шууд нийлүүлсэн бараа, зэвсгийг тооцохгүйгээр батлан хамгаалах салбартаа ойролцоогоор 42 тэрбум ам.доллар зарцуулжээ. Харин энэ хугацаанд дотоодын төсвийн орлого болон орон нутгийн зээлээр ердөө 39 тэрбум ам.доллар бүрдүүлсэн байна.

Пидласа бага хурлын үеэр “Харамсалтай нь, энэ жил дайн маш өндөр өртөгтэй болсон учраас бид өөрсдөд ногдох зардлаа хүртэл бүрэн нөхөж чадахгүй хэмжээнд хүрлээ” гэж хэлжээ.
Түүний мэдээлснээр, Украины дайны өдөр тутмын зардал энэ онд ойролцоогоор 190 сая ам.долларт хүрсэн байна. Энэ нь 2024 онд өдөрт 140 сая ам.доллар байсан үзүүлэлтээс мэдэгдэхүйц өссөн дүн аж.
Зардал нэмэгдэхэд инфляц, цэргийн алба хаагчдын тоо өссөн явдал, амь үрэгдсэн цэргүүдийн ар гэрт олгох нийгмийн халамжийн зардал нэмэгдсэн болон сум, зэвсгийн хэрэглээ өссөн зэрэг хүчин зүйл нөлөөлжээ.
Украин улс энэ оныг дуустал батлан хамгаалах салбартаа шаардлагатай санхүүжилтийн нэмэлт дутагдалтай нүүр тулж байгаа аж. Засгийн газар цэргийн бус салбарын төсвийн зарим зардлыг танах, эсвэл хойшлуулах арга замыг эрэлхийлж, мөн барууны түнш орнуудаасаа нэмэлт санхүүгийн дэмжлэг авахаар хэлэлцээ хийж буй юм байна. Гэвч одоогийн байдлаар энэ асуудлыг богино хугацаанд, тодорхой шийдвэрлэх арга зам олдоогүй хэвээр байгаа аж.
Эх сурвалж: REUTERS