Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцох тохиолдолд ирэх арванхоёрдугаар сард Майами хотод болохоор төлөвлөж буй “Их 20”-ийн буюу G20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр түүнтэй уулзахад бэлэн болохоо мэдэгджээ.
Зеленский энэ тухай есдүгээр сарын 11-ний баасан гарагт Канадын Зэвсэгт хүчний Норт-Бэй дэх баазад зочлох үеэрээ DW-ийн сурвалжлагч Миша Комадовскийд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Тэрбээр “Тийм ээ, мэдээж. Бид очих ёстой. Бид уулзаж, ярилцаж, шийдвэр гаргах ёстой. Гол асуудал нь үг ярианд биш. Би түүнд юу хэлэх, тэр надад юу хэлэхийг хүсэж байгаа нь чухал биш. Хамгийн чухал нь зөвхөн үр дүн. Ингээд л болоо” хэмээн онцолжээ.
Владимир Зеленский болон Владимир Путин нар 2022 оны хоёрдугаар сард ОХУ Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс хойш биечлэн уулзаагүй юм.
Одоогийн байдлаар Кремль Владимир Путин Майами хотод болох уг уулзалтад оролцох эсэх талаар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байгаа аж. ОХУ-ын Ерөнхийлөгч 2019 оноос хойш G20-ийн дээд хэмжээний уулзалтуудад биечлэн оролцоогүй билээ.
Зеленский мөн ярилцлагын үеэр Украины одоогийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлж, Украин улс өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад байлдааны талбарт илүү хүчирхэг болсон гэж мэдэгджээ.
Харин тэр "Оросын тал байлдааны талбарт маш удаан ахиц гаргахын тулд сард 30 мянга гаруй хүнээ алдаж, асар их үнэ төлж байна" гэж хэлсэн байна. Тиймээс Зеленский Украины тал одоогийн байдлаар хэлэлцээ хийхэд харьцангуй таатай байр суурьтай байгаа гэж үзэж буй аж.
Тэрбээр “Гал зогсоох гэдэг үг хэн нэгэнд таалагдахгүй байж болох ч энэ нь түүнд хамаарахгүй, учир нь Украин улс амьдралыг эрхэмлэж, энх тайвныг хүсэж буй учраас хэлэлцээ хийж байна" хэмээн онцолсон байна.
Түүний үзэж байгаагаар, эрчим хүчний байгууламжууд болон үр тариа тээвэрлэх үйл ажиллагаанд чиглэсэн цохилтуудыг зогсоох нь энх тайвны хэлэлцээнд хүрэх эхний алхам болж болох аж.
Зеленский “Биднийг ямар нэгэн хэлэлцээнд хүргэж чадах зүйл юу вэ? Эрчим хүч болон үр тариа. Энэ бол нэгдүгээр алхам. Бидний хүрч чадах зүйл бол энэ” хэмээн мэдэгджээ.
Үүний зэрэгцээ Украины Ерөнхийлөгч энэ өвөл тус улсад Patriot агаарын довтолгооноос хамгаалах системийн пуужин нэн шаардлагатай байгааг дахин онцолсон байна.
Түүний хэлснээр хүйтний улиралд Украинд сард хамгийн багадаа 100-120 Patriot пуужин нийлүүлэх шаардлагатай байгаа бөгөөд ОХУ сар бүр ойролцоогоор 140 баллистик пуужин үйлдвэрлэж байгаа аж.
Эх сурвалж: DW