Дэлхийн аварга, ОХУ-ын жүдо бөхийн тамирчин Арман Адамян Волгоград хотод өөрийн нэрэмжит жүдо бөхийн сургууль нээсэн талаараа ТАСС агентлагт мэдээлжээ.

Шинэ сургуулийн татами бүхий талбай 190 м², мөн 70 м² талбайг биеийн ерөнхий хөгжлийн бэлтгэлийн хэсэгт зориулсан байна. Тус сургуульд хоёр наснаас дээш хүүхдүүд хичээллэх боломжтой аж.

Адамян хэлэхдээ, өндөр амжилтад хүрсэн тамирчин хүний хувьд дараагийн үеийн хүүхдүүдэд өөрийн туршлага, үлгэр дуурайллаар дамжуулан урам зориг өгөхийг хүссэнээ өгүүлсэн байна.

Тэрбээр “Өндөр амжилтад хүрэх үед зөвхөн тамирчны хувиар хөгжихөөс гадна өсвөр үеийнхэнд хөрөнгө оруулж, тэднийг хөгжүүлэх нь сайхан гэдгийг ойлгодог. Хүүхдүүд амжилтад хүрсэн тамирчдыг өөрсдийн нүдээр харж, тэдэн шиг, бүр түүнээс ч илүү амжилтад хүрэхийг эрмэлзээсэй гэж хүсэж байна” хэмээн ярьжээ.

Гэхдээ тэр одоогийн байдлаар ОХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд идэвхтэй барилдаж буй бөгөөд цаашдын зорилго нь спортын замналаа үргэлжлүүлэх, олимпын наадамд оролцох гэдгийг онцолсон байна.

Сургуулийг нээхтэй холбоотой зохион байгуулалтын ажлын ихэнхийг түүний гэр бүл, ойр дотныхон нь хариуцжээ. Түүний аав сургуулийн нээлтийн бэлтгэл ажлыг голлон зохион байгуулж, Санкт-Петербургээс ч дэмжлэг үзүүлсэн байна.

Адамян цаашид хөрш зэргэлдээ Волжский хотод салбар сургууль нээх, улмаар төслөө ОХУ-ын бусад хотуудад өргөжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Арман Адамян 2023 оны дэлхийн аварга, 2025 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2021 оны Европын аварга, мөн жүдо бөхийн “Их дуулга” цувралын таван удаагийн аварга юм.

Эх сурвалж: TASS