АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахдаа Ирантай холбоотой өндөр өртөгтэй, олон нийтэд төдийлөн таалагдахгүй байгаа дайнаа шийдвэрлэхэд тусламж хүсэх төлөвтэй байна. Гэвч тэр хүссэн дэмжлэгээ авч чадах магадлал бага гэж шинжээчид үзэж буй юм.
Шинжээчдийн хэлснээр, Ши Жиньпин Ираны удирдагчдыг хэлэлцээний ширээнд эргэн ирэхэд бага зэрэг шахалт үзүүлэхийг зөвшөөрч магадгүй ч Бээжингийн Ойрхи Дорнод дахь хамгийн чухал түншид үзүүлдэг эдийн засгийн дэмжлэгээ зогсоох, эсвэл Ираны армид шаардлагатай хоёр зориулалттай (иргэний болон цэргийн хэрэглээтэй) бараа нийлүүлэхээ болих хүсэлгүй байх аж.
Нөгөө талаас Трамп Хятадад шахалт үзүүлэх хүчтэй хэрэгслүүдтэй. Үүнд Хятадын томоохон банкуудад хориг арга хэмжээ авах заналхийлэл ч багтаж буй. Гэвч ийм арга хэрэгсэл ашиглах нь АНУ-д өөрт нь хэт өндөр өртөгтэй тусаж болзошгүй юм.
Газрын тосны үнийг огцом өсгөсөн энэхүү мөргөлдөөнийг зогсоох АНУ ба Ираны хэлэлцээрт хүрэх найдвар буурч, хоёр улсын хоорондын гал зогсоох тохиролцоо улам тогтворгүй харагдаж буй.
Уулзалтын төлөвлөгөөтэй танилцсан хоёр эх сурвалжийн мэдээлснээр, Трампын зөвлөхүүд Бээжинг Ираны шийдвэр гаргагчдыг Вашингтонтой тохиролцоонд хүрэхэд ятгаж чадах цөөн тоглогчийн нэг гэж үзэж байгаа аж. Учир нь, Хятад бол Ираны нефтийн хамгийн том худалдан авагч билээ.
Хятадыг хүчээр шахах хэрэгсэл Вашингтонд хангалтгүй тул АНУ Бээжингийн удирдлагад “дайныг одоо дуусгах нь Хятадын өөрийнх нь ашиг сонирхолд нийцнэ” гэдгийг ойлгуулахыг зорьж байгаа аж. Гэвч Хятадын хувьд ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал үүссэн байна.
Нэг талаас, Ираны арми хязгаарлаж буй Ормузын хоолойг нээлттэй байлгахыг Хятад хүсэж байна. Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн тавны нэг, тэр дундаа Хятад руу чиглэсэн нефтийн ихэнх нь энэ усан замаар дамждаг.
Нөгөө талаас, Иран бол стратегийн чухал бүс нутаг дахь Бээжингийн холбоотон бөгөөд АНУ-ын эсрэг тэнцвэржүүлэгч хүчин хэвээр буй. Мөн энэхүү дайн эдийн засгийн хувьд Хятадад хүндрэл учруулж байгаа ч АНУ-ын дипломат болон цэргийн анхаарлыг Энэтхэг-Номхон далайн бүсээс холдуулсан байна.
Ийм нөхцөл байдал нь Ши Жиньпинийг Иранд үзүүлэх нөлөөгөө ашиглан томоохон буулт хийх шахалт үзүүлэх магадлалыг бууруулж буй аж
Вашингтон дахь Стратегийн болон Олон улсын харилцааны зөвлөлийн ахлах судлаач Хенриетта Левин хэлэхдээ, өнгөрсөн жилийн тарифын кампанит ажлаас Трамп ухарсан, мөн Иран дахь мөргөлдөөн АНУ-ын чухал цэргийн нөөцийг Хятадын “арын хашаа” болох Ази-Номхон далайн бүсээс холдуулж байна гэсэн ойлголтоос үүдэн Ши Жиньпин энэхүү уулзалтад “итгэл төгс байр сууринаас” хандаж байна гэжээ.
Трамп мягмар гарагт сэтгүүлчдэд ярихдаа Ираныг ятгахад Хятадын тусламж хэрэггүй гэж мэдэгдсэн бөгөөд үүнийгээ АНУ-ын тэнгисийн цэргийн бүслэлттэй холбон тайлбарласан байна.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Оливиа Уэйлс “Ираны дэглэм өнөөгийн нөхцөл байдал тогтвортой үргэлжлэх боломжгүйг ойлгож буй. Хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээний явцад Ерөнхийлөгч Трамп бүх хөзрийг атгаж байна” гэж мэдэгджээ.
Харин Хятадын Элчин сайдын яамны төлөөлөгч Лю Пэньюй Бээжин “хууль бус нэг талын хориг арга хэмжээг” эсэргүүцдэгээ мэдэгдэж, Хятадын компаниудыг хууль дүрмийн дагуу ажиллахыг шаарддаг гэжээ.
Мөн тэрээр “Ираны нөхцөл байдлын хувьд хамгийн чухал зорилт бол мөргөлдөөн дахин сэргэхээс бүх аргаар сэргийлэх явдал болохоос бус, нөхцөл байдлыг ашиглан бусад улсыг буруутгах биш” гэж хэлсэн байна.
Хятадад шахалт үзүүлэх боломж хязгаарлагдмал
Дайнаас болж нэр хүнд нь унаж буй Трампын хувьд Хятадыг Ираны асуудал дээр илүү их зүйл хийхэд шахах боломж хязгаарлагдмал байна. Үүнд хориг арга хэмжээ, тариф зэрэг багтаж байгаа ч өөр сонголт төдийлөн олон биш юм.
АНУ Ираны эсрэг тэнгисийн бүслэлт тогтоогоод буй. Трамп Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөдөлгөөнд хураамж ногдуулах боломжийг ч дурдсан. Энэ нь Бээжинг бухимдуулах алхам болох байв.
Гэвч дотоод болон олон улсын эсэргүүцлийн дараа Цагаан ордон "Ормузын хоолойг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр нээлттэй байлгахыг Трамп хүсэж байна" гэж мэдэгдсэн. Мөн энэ долоо хоногт АНУ, Хятад хоёр ямар ч улс, эсвэл бүлэглэл тус хоолойд татвар, хураамж тогтоох ёсгүй гэдэг дээр санал нийлсэн гэж Төрийн департамент мэдээлжээ.
Хориг арга хэмжээ бол өөр нэг хувилбар. АНУ Ираны эсрэг хоригийг тойрон гарахад оролцсон зарим Хятадын байгууллагад санхүүгийн шийтгэл ногдуулсан ч шинжээчдийн үзэж буйгаар энэ нь худалдааны урсгалд төдийлөн нөлөөлөөгүй байна.
Obsidian Risk Advisors-ийн захирал Бретт Эриксон хэлэхдээ, Вашингтон Ирантай холбоотой худалдааг санхүүжүүлдэг Хятадын банкууд руу чиглэсэн гол хөшүүргүүдээ ашиглахаас зайлсхийж байгаа учраас үр дүн бага байгаа аж. Түүний хэлснээр, АНУ-ын Сангийн яам үнэхээр нөлөөтэй Хятадын банкуудын эсрэг арга хэмжээ авах хүсэлгүй байгаа юм байна.
Сангийн яамны хоригийн боломжуудыг мэддэг эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын хууль бус санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой мянга мянган боломжит бай бий аж.
Эх сурвалж “Хятадын банкуудыг онилохгүйгээр Ираны эсрэг хоригийг хэрэгжүүлэх бараг боломжгүй” гэж хэлсэн. Гэвч Ираны нефть худалдан авагчдад заналхийлсэн ч Хятадын санхүүгийн томоохон байгууллагуудын эсрэг бодит арга хэмжээ авах чиглэл АНУ-ын албаныханд өгөөгүй байна.
Сангийн сайд Скотт Бессент өнгөрсөн дөрөвдүгээр сард Ираны нефть худалдан авах ажиллагааг дэмжсэн гэх Хятадын хоёр банканд анхааруулах захидал илгээж байсан ч үүнээс хойш дорвитой арга хэмжээ аваагүй аж. Эх сурвалжийн мэдээлснээр, Бессент энэ асуудлыг Трампын айлчлалын үеэр дахин хөндөх юм байна.
Хариу цохилтын эрсдэл
Шинжээчдийн үзэж байгаагаар, Вашингтон Хятадын банкны салбарыг онилохоос болгоомжилж буй нь боломжит хариу арга хэмжээнээс айж байгаатай холбоотой аж.
Гадаад харилцааны зөвлөлийн Геоэдийн засгийн төвийн захирал Эдвард Фишманы хэлснээр, АНУ жижиг, эсвэл Хятадын дунд хэмжээний банканд хүртэл арга хэмжээ авбал хоёр тал харилцан эдийн засгийн дайнд дахин орж болзошгүй юм байна. Ингэснээр өнгөрсөн жил түр зогсоосон өндөр тарифтай худалдааны дайн дахин сэргэж магадгүй бөгөөд инфляц өсөх нь Трампын хувьд улс төрийн том эрсдэл болох юм.
АНУ-ын Төрийн департаментын хоригийн бодлогын газрын өмнөх захирал Жим Маллинакс “Иран шиг стратегийн чухал газарт бөмбөг хаях нь дэлхийн эдийн засагт асар их нөлөөтэй. Гэхдээ Хятадын төрийн өмчит том банканд хориг тавих нь бүр ч илүү нөлөө үзүүлж мэднэ” гэжээ. Мөн Хятадын том банкуудыг онилвол Бээжин хамгийн хүчтэй хөзрөө буюу чухал ашигт малтмалаа ашиглаж магадгүй юм байна.
Дэлхийн газрын ховор элементийн боловсруулалт, цэвэршүүлэлтийн бараг монополь эрхийг атгадаг Хятад өнгөрсөн жилийн худалдааны дайны үеэр АНУ-ын үйлдвэрлэлд шаардлагатай эдгээр эрдсийн нийлүүлэлтийг тасална гэж сүрдүүлж байсан нь Барууны орнуудыг түгшээсэн. Үүний дараа хоёр улс эмзэг тэнцвэртэй худалдааны эвлэрэлд хүрсэн юм.
Энэ бүхний зэрэгцээ АНУ-ын хориг арга хэмжээ энэ долоо хоногийн яриа хэлэлцээнд таагүй уур амьсгал үүсгэж болзошгүй хэвээр байна. Бээжин өнгөрсөн баасан гарагт АНУ-аас Ираны цэргийн ажиллагааг дэмжсэн гэж үзсэн Хятадад төвтэй гурван компанид хориг тавьсныг даваа гарагт буруушаасан юм.
Эдийн засгийн асуудлаас гадна Хятад АНУ-ын туршлагаас сургамж авч, Ойрхи Дорнодын асуудалд хэт гүн оролцохоос болгоомжилж буй бөгөөд Иранд шийдвэртэй шахалт үзүүлэх хүсэлтийг эсэргүүцэх магадлалтай гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч асан Курт Кэмпбелл хэлжээ.
Тэр “Ямар ч нөхцөлд Хятадыг гүн оролцуулахад хэцүү байх болно. Тэд улс төрийн намагт шигдэх эрсдэлийг бусдын адил харж байгаа учраас маш болгоомжтой хандана” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: REUTERS