Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун охин Ким Жү Э-гийн хамт Пёньян хот дахь Хвасон амьтны дэлгүүрт зочилж байна. — Reuters

Кофе уух газар, усан парк, тансаг худалдааны төвүүд. Амралт, зугаа цэнгэл гэх ойлголттой цөөн хүн холбон төсөөлдөг Хойд Солонгост сүүлийн үед хачирхалтай гэмээр “зугаацлын давлагаа” өрнөж буй юм байна.

Тус улсын удирдагч Ким Жон Ун өөрөө тансаг хэрэглээнээс татгалздаггүй нэгэн бөгөөд иргэдээ хуримтлуулсан мөнгөө зарцуулах шинэ боломжуудаар хангах ажлыг идэвхтэй зохион байгуулж байгаа аж.

Хятадын гаалийн статистик энэ өөрчлөлтийг тодорхой харуулсан байна. Сүүлийн арван жилийн хугацаанд Хойд Солонгосын Хятадаас импортолсон массажны тоног төхөөрөмжийн хэмжээ 40 дахин нэмэгджээ.

Гүйлтийн замын импорт 600 гаруй хувиар өссөн байна. Мөн төгөлдөр хуур, бүр хүүхдийн тоглоомын паркт ашигладаг мөргөлддөг машин хүртэл тус улс руу олноор орж ирэх болжээ.

Reuters агентлаг худалдааны статистик, Хойд Солонгосын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлэл, тус улсад саяхан очсон таван хүн болон Өмнөд Солонгост дүрвэн гарсан хоёр иргэнтэй хийсэн ярилцлагад үндэслэн мэдээлснээр хэрэглээний энэ өсөлт зөвхөн бараа бүтээгдэхүүнээр хязгаарлагдахгүй аж.

Хойд Солонгос даяар тансаг худалдааны төв, далайн эргийн амралтын газар, цанын бааз зэрэг шинэ байгууламжууд бий болж буй юм байна.

Шинжээчдийн үзэж буйгаар, энэ нь иргэдэд жижиг тансаг хэрэглээг хүртээмжтэй болгох төдий асуудал биш аж. Иргэдийн хувийн зарцуулалтыг төрийн хяналтад байдаг худалдаа, үйлчилгээний сүлжээгээр дамжуулснаар Ким Жон Ун худалдаа, эдийн засагт тавих төрийн хяналтаа бэхжүүлж, албан бус зах зээлийн нөлөөг хумихын зэрэгцээ улсдаа шинэ орлого, эдийн засгийн өсөлтийн эх үүсвэр бий болгож буй юм байна.

Сөүлийн Hyundai Research Institute-ийн судлаач Кан Сон Хён “Үйлдвэрлэл, түгээлт, хөрөнгийн урсгалыг зах зээлээс төрийн удирддаг албан ёсны эдийн засгийн орон зайд төвлөрүүлж байна” гэж хэлжээ.

Хориг арга хэмжээний дунд хэрэглээ нэмэгдэж байна

Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг хязгаарлах зорилгоор НҮБ-аас тансаг хэрэглээний бараа, эрчим хүч, ашигт малтмалын худалдаа зэрэгт хатуу хориг тавьсан хэвээр. Гэсэн хэдий ч тус улсад хэрэглээ, зугаа цэнгэлийн боломжууд нэмэгдсээр байгаа ажээ.

Өмнөд Солонгосын Төв банкны мэдээллээр, Хойд Солонгосын эдийн засаг 2025 онд 3.5 хувиар өссөн. Өөрөөр хэлбэл, эдийн засаг нь дараалан гурав дахь жилдээ 3-аас дээш хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Энэ өөрчлөлт гадаадынхны анхаарлыг ч татаж буй аж. Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнан өнгөрсөн тавдугаар сард Пёньянд айлчилсныхаа дараа тус хотын хөгжил “гайхалтай” байгааг хэлээд, “Зүүн Азийн орчин үеийн ямар ч хоттой адилхан харагдаж байна” хэмээн үнэлжээ.

Пёньянд кофе, тансаг худалдаа, гэрийн тэжээвэр амьтдын дэлгүүр хүртэл бий болжээ

Reuters агентлагийн баталгаажуулсан сошиал медиа бичлэгүүдээс үзэхэд, Пёньянд өнгөрсөн онд нээгдсэн Rangnang Aeguk Kumgang Service Complex хэмээх тансаг худалдааны төвд иргэд капучино ууж, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл сонирхон худалдан авч байгаа аж.

Мөн хоёр жилийн өмнө нээгдсэн Hwasong Taedonggang Beer Restaurant хэмээх шар айрагны рестораныг төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр онцлон сурталчлах болжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Ким Жон Ун охин Ким Жү Э-гийн хамт шинэ гэрийн тэжээвэр амьтдын дэлгүүрээр зочлох үеэр охин нь муур, нохой сонирхож буй нь төрийн хэвлэлээр гарсан байна.

Шинжээчдийн үзэж буйгаар, Пёньяны зугаа цэнгэлийн шинэ байгууламжуудын санхүүжилтийн эх үүсвэрийн нэг нь криптовалютын хулгай, ОХУ-Украины дайнд Хойд Солонгосын цэргүүдийг оролцуулсан явдал болон нүүрс, бусад ашигт малтмалын экспорттой холбоотой орлого аж.

Kim Jong-un and daughter Kim Ju Ae walk inside a hotel during a ceremony to celebrate the completion of the Wonsan Kalma Coastal Tourist Zone, in Wonsan, in North Korea on June 24, 2025. - KCNA/Reuters
Ким Жон Ун, охин Ким Жү Э-гийн хамт Вонсан-Калма далайн эргийн аялал жуулчлалын бүсийг ашиглалтад оруулсныг тэмдэглэх ёслолын үеэр, 2025 оны зургадугаар сарын 24. Вонсан, Хойд Солонгос

АНУ болон бусад орны албан тушаалтнууд, кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд Хойд Солонгосын төрийн дэмжлэгтэй хакеруудыг криптовалютын хулгайтай удаа дараа холбон мэдээлж ирсэн.

Өмнөд Солонгосын Засгийн газраас санхүүждэг Institute for National Security Strategy-ийн тооцоолсноор, Хойд Солонгос ОХУ-Украины дайнд оролцсоноороо 2023 оны наймдугаар сараас 2025 оны арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд 14.4 тэрбум ам.доллар хүртэлх орлого олсон байж болзошгүй аж.

“Хадгаламжтай ч зарцуулах газаргүй” дундаж давхарга

Хойд Солонгост орж ирж буй мөнгө эдийн засгийн бүхий л хэсэгт тархаж, олон иргэн албан бус худалдаа, наймаагаар хөрөнгө хуримтлуулсан байна. Гэвч хуримтлагдсан хөрөнгө шинэ асуудал бий болгожээ.

Венийн их сургуулийн Зүүн Азийн эдийн засаг, нийгмийн профессор Рюдигер Франкийн хэлснээр, Хойд Солонгост ойролцоогоор найман сая хүнтэй дундаж давхарга бий болсон ч тэдний хуримтлуулсан мөнгөө зарцуулах боломж хязгаарлагдмал байгаа аж

Түүний үзэж буйгаар, Ким Жон Уны сонгосон гарц нь хэрэглээг нэмэгдүүлэх явдал. Ингэснээр иргэдийн бухимдлыг бууруулах, хуримтлагдсан мөнгийг будаа зэрэг өдөр тутмын хэрэгцээний барааны үнийг хөөрөгдөхөд чиглэхээс сэргийлэх, дотоодын эрэлтээр дамжуулан эдийн засгийн өсөлтийг дэмжих боломжтой аж.

Вонсан-Кальма амралтын бүсэд 300 мянга гаруй хүн очжээ

Хойд Солонгосын аялал жуулчлал, амралт зугаалгын салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Тухайлбал,

  • Вонсан-Кальма далайн эргийн амралтын бүс 2025 оны зун ашиглалтад орсон;
  • Хятадын хил орчмын Самжиёнд өнгөрсөн арванхоёрдугаар сард таван тансаг зочид буудал нээгдсэн;
  • Тус бүсэд цанын бааз баригдаж байна;
  • Зүүн хойд хэсэгт усан парк болон морин спортын цогцолбор байгуулагдаж байгаа аж.

Reuters агентлагийн 1200 гаруй төрийн хэвлэлийн нийтлэлд хийсэн судалгаагаар, 2022 оноос хойш Хойд Солонгосын төрийн хэвлэлд аялал жуулчлал, амралт зугаалга, соёлын амьдралын талаар мэдээлэх нь эрс нэмэгджээ.

Өнгөрсөн наймдугаар сард ид халууны үеэр улсын телевизээр үзүүлсэн дүрс бичлэгт Вонсан-Кальма амралтын газар дотоодын жуулчдаар дүүрсэн аж.

Аялал жуулчлалын Young Pioneer Tours компанийн үүсгэн байгуулагч Роуэн Бёрдийн хэлснээр, түүний орон нутгийн нэг танил гэр бүлийнхээ хамт тус амралтын газарт очиход өрөөнүүдийн ихэнх нь захиалгатай байсан тул нэг өрөөнд хэд хэдэн хүн хамт байрлах шаардлагатай болсон гэжээ.

Хятадын Пёньян дахь ЭСЯ-ны мэдээлснээр, Вонсан-Кальма амралтын газар 2025 оны хоёрдугаар хагаст 300 мянга гаруй дотоодын жуулчин хүлээн авсан байна.

Пёньянаас гадна орон нутгийн хотууд ч өөрчлөгдөж байна

Kim and Ju Ae watchING a person on a slide at the Wonsan Kalma Coastal Tourist Zone, in Wonsan. - KCNA/Reuters
Ким Жон Ун, охин Ким Жү Э-гийн хамт Вонсан-Калма аялал жуулчлалын бүсэд гулгуураар гулгаж буй хүнийг ажиглаж байна. — KCNA/Reuters

Хойд Солонгосын зүүн хойд хэсгийн Расон хотод саун, усан бассейн, видео тоглоомын тоглоомын газар, спортын төвүүд бий болсон талаар Хятадын нэгэн бизнес эрхлэгч Reuters агентлагт мэдээлжээ.

Ким Жон Уны бүс нутгийг хөгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд номын сан, ресторан, кино театр зэрэг амралт, соёлын байгууламжийг багтаасан цогцолборуудыг улс даяар байгуулж байгаа аж.

Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, ийм төрлийн дор хаяж 24 цогцолбор ашиглалтад орж, зарим нь баригдаж буй юм байна. Гэхдээ хамгийн тансаг байгууламжууд Пёньянд төвлөрчээ.

Төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр, шинээр байгуулсан орон сууцны хороололд тоглоомын газар, автомашины худалдааны төв, хулд загасны хэвлий болон галууны элгээр хийсэн бургер зэрэг тансаг хоолоор үйлчилдэг ресторан хүртэл бий болсон аж.

Rolex, Omega зэрэг брэндийн бараа харагдах болжээ

Хойд Солонгост худалдаалагдах бараа бүтээгдэхүүний төрөл ч нэмэгдсэн талаар Reuters агентлагийн ярилцсан гурван хүн мэдээлсэн байна.

2023 онд нээгдсэн Ryugyong Golden Plaza худалдааны төвд Rolex, Omega, Herbelin зэрэг цаг үйлдвэрлэгчдийн логотой дэлгүүрүүд харагддаг бол цахилгаан барааны дэлгүүрт Huawei брэндийн бүтээгдэхүүн байгааг Reuters баталгаажуулсан сошиал медиа бичлэгүүд харуулжээ.

Гэхдээ Rolex болон Huawei компаниуд тайлбар өгөхөөс татгалзсан байна. Харин Omega болон Herbelin компаниуд Хойд Солонгост албан ёсны худалдааны төлөөлөгч, дистрибьютергүйгээ Reuters-т мэдэгджээ.

Хойд Солонгосчууд Хятадын Alipay-тай төстэй гар утасны аппликейшн ашиглан цахим худалдаа хийдэг болсон байна. Пёньянд өнгөрсөн тавдугаар сард очсон Роуэн Бёрдийн хэлснээр, гар утасны төлбөрийн аппликейшнүүдийг “хаа сайгүй, худалдаалж буй бүх зүйлд” ашиглаж байсан аж.

Хятадаас төгөлдөр хуур, цаг, тоглоомын тоног төхөөрөмж импортолж байна

Хятадын худалдааны статистикт хэрэглээний энэхүү өөрчлөлт тодорхой харагдаж буй аж. Төгөлдөр хуур, бугуйн цаг, зугаа цэнгэлийн тоног төхөөрөмжийн импорт эрс нэмэгджээ. Үүнд тойруулдаг тоглоом, галзуу хулгана, усан гулгуур зэрэг багтжээ.

Зөвхөн 2025 оны нэгдүгээр сараас энэ оны долдугаар сар хүртэлх хугацаанд Хойд Солонгос Хятадаас 3 метр тонноос илүү жинтэй, 20 мянга гаруй ам.долларын үнэ бүхий мөргөлддөг машин импортолжээ.

COVID-19 цар тахлын дараа Хятадтай хийх худалдаа ерөнхийдөө сэргэж байгаа аж. Мөн Хятадаас импортолсон автомашинуудын нөлөөгөөр Пёньянд автомашины хэрэглээ эрс нэмэгдэж, нэгэн төрлийн “автомашины соёл” бий болж эхэлжээ.

Төр албан бус зах зээлийг шахахыг зорьж байна уу?

1990-ээд оны өлсгөлөнгийн дараа төр иргэдээ шаардлагатай бараа бүтээгдэхүүнээр хангаж чадахгүй болсон үед Хойд Солонгост хагас хууль ёсны буюу албан бус зах зээлүүд эрчимтэй хөгжсөн байна.

Сөүлийн Peace Economy Research Institute-ийн захирал Жон Чан Хёны хэлснээр, энэ зууны эхээр төр эдгээр зах зээлийг хаах гэж оролдсон ч оронд нь бараа бүтээгдэхүүн түгээх хангалттай дэд бүтэц байгаагүй учир оролдлого нь бүтэлгүйтжээ.

Тэр "Ким Жон Уны хэрэглээг нэмэгдүүлэх бодлого энэ орон зайг нөхөх зорилготой" үзэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, төр худалдаа, үйлчилгээний дэд бүтцийг өөрөө байгуулж, улмаар хувийн зах зээлтэй өрсөлдөх, цаашлаад тэдгээрийн нөлөөг бууруулахыг зорьж буй юм байна.

Төлбөр тооцоо болон хүргэлтийн аппликейшнүүд ч иргэдийн хувийн зарцуулалтыг төрөөс хянах боломжийг нэмэгдүүлж буй аж. 2023 онд Пёньян бүх банк, дэлгүүр цахим төлбөр хүлээн авахыг шаардсан хууль баталжээ.

Хэрэглээний өсөлт хүн бүрт хүртээмжтэй биш

Хэрэглээ, зугаа цэнгэлийн шинэ давлагааны үр шимийг бүх Хойд Солонгосчууд адил хүртэж чадахгүй байгаа аж.

Өнгөрсөн жил Өмнөд Солонгос руу дүрвэхээсээ өмнө Пёньянд жолоочоор ажиллаж байсан Ян Ил Чолын хэлснээр, өөртэй нь адил олон хүн шинэ ресторан, амралт зугаалгын газруудаар үйлчлүүлэх боломж хомс байжээ.

Тэр "Пёньянд гар утас өргөн хэрэглээнд нэвтэрсэн ч олон хүн төрдөө итгэдэггүй тул бэлэн мөнгөөр төлбөр хийхийг илүүд үздэг" гэж хэлсэн байна.

Венийн их сургуулийн профессор Франкийн үзэж буйгаар, Ким Жон Уны дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх бодлого одоогийн байдлаар үр дүнгээ өгч байгаа бололтой. Гэхдээ тэр “Хэрэглээ нь цаг хугацаа хожиж өгдөг. Гэхдээ үнэнч байдлыг үүрд худалдаж авч чаддаггүй” хэмээн дүгнэжээ.

Эх сурвалж: REUTERS