Амгалан амаржих газарт энэ сарын 7-ноос 8-нд шилжих шөнө төрөхөөр очсон 27 настай эх эндсэн харамсалтай хэрэг гарчээ. Талийгаач Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотод төрөхөөр ирсэн бөгөөд хоёр дахь төрөлт нь юм байна.

Төрөх явцад эхийн биеийн байдал хүндэрсэн тул эмч нар яаралтай кесаров хагалгаа хийж, хүүхдийг эсэн мэнд өлгийдөж авсан ч эхийн амь насыг аварч чадаагүй аж.

Тус хэргийг холбогдох байгууллагууд шалгаж буй бөгөөд шүүх шинжилгээний байгууллагаас эх нас барсан шалтгаантай холбоотой дүгнэлт гаргажээ. Урьдчилсан мэдээллээр, эхийн зүрхний үйл ажиллагаатай холбоотой гэнэтийн хүндрэл нас баралтад хүргэсэн гэж үзсэн байна.

Энэ онд нийт найман эх төрөх болон төрөх үеийн хүндрэлээс шалтгаалан эндсэн гэх мэдээлэл байгаа бол өнгөрсөн онд энэ үзүүлэлт 16 байжээ.

Эхийн эндэгдлийн тоо буурсан хэдий ч нэг эхийн амь нас хохирсон тохиолдол бүрийн цаана эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, эмнэлгийн бэлэн байдалтай холбоотой олон асуулт үлддэг.