Нийслэл Улаанбаатар хотод Х.Нямбаатарыг Засаг даргаар ажиллаж байх хугацаанд хэрэгжиж эхэлсэн 24 мега төслийн санхүүжилт, зарцуулалт, гүйцэтгэл болон холбогдох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан тусгай ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулан ажиллуулж эхэлсэн.

Нийслэлийн хөгжлийн томоохон төслүүдийн хэрэгжилтэд төрийн байгууллагууд анхаарал хандуулж эхэлсэн нь олон нийтийн анхаарлыг татаж буй. Өмнө нь Засгийн газрын түвшинд нийслэлийн мега төслүүдийг эрэмбэлж, хэрэгжүүлэх чиглэл өгч байсан бөгөөд эдгээр төслүүд нь түгжрэлийг бууруулах, агаар орчны бохирдлыг бууруулах, хотын дэд бүтцийг сайжруулах зэрэг зорилготой аж.

Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх үед Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор нь ажиллаж байсан Л.Хосбаярыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн, мөн Л.Хосбаярын гэр болон ажлын байранд өчигдөр буюу энэ сарын 10-ны өдөр Авлигатай тэмцэх газраас нэгжлэг хийсэн гэх мэдээлэл гарав.

Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогдуулан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бий юм.

 

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор зохицуулсан байдаг.

Уг зүйлд зааснаар гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байна.

Л.Хосбаяр эрхэлж байсан ажлын хүрээнд АТГ-т тодруулга өгчээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон НЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд өнөөдөр (2026.09.11) нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хотын цаашдын хөгжлийн төлөвлөлт, бодлогын талаар танилцуулж, сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгсөн. 

Энэ үеэр Л.Хосбаяр АТГ-аас гэр болон ажлын өрөөнд нь нэгжлэг хийсэн, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх мэдээлэлийн талаар тайлбар өглөө. 

Тэрбээр "Миний хувьд эрхэлж байсан ажил үүргийн хувьд АТГ-т очиж тодруулга өгсөн. Энэ дээр асуугдаж байгаа зүйл бий. Өнөөдрийн байдлаар эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа зүйл байхгүй.

Миний хувьд 20 гаруй жил төрийн байгууллагад жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж ажиллаж байсан хүний хувьд өөрийгөө хуулийн хүрээнд үнэн, шударга ажиллаж байсандаа эргэлзэхгүй байна. Тийм учраас намайг сонгосон иргэд эргэлзэхгүй байгаарай гэж хэлэхийг хүсэж байна" гэв.