Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн эхнэр Силия Флорест холбогдох хэргийн үндсэн шүүх хурал эхлэх хүртэл эрүүл мэндийн, тэр дундаа зүрхний асуудалтай байгаа шалтгаанаар цагдан хорих байрнаас суллах хүсэлтийг түүний өмгөөлөгчид Нью-Йоркийн өмнөд дүүргийн холбооны шүүхэд гаргажээ. Энэ тухай ТАСС-ын сурвалжлагчийн танилцсан шүүхийн хүсэлтэд дурдсан байна.

Өмгөөлөгчдийн хэлснээр, Флоресыг баривчилж Венесуэлээс авч явахаас нь өмнө зүрхний мэс засалд орж байсан аж. Цагдан хоригдсоныхоо дараа тэрбээр хэд хэдэн төрлийн эм уух шаардлагатай болсон бөгөөд зүрхний шигдээсийн үед хэрэглэх зорилгоор нитроглицерин байнга биедээ авч явах шаардлагатай байгаа аж.

Иймээс түүнийг шоронд үргэлжлүүлэн хорихын оронд гэрийн хорионд байлгахыг өмгөөлөгчид санал болгожээ. Мөн Флорес нийгэмд аюул занал учруулах хүн биш гэдгийг хүсэлтдээ онцолсон байна.

Шүүхэд гаргасан хүсэлтэд, дээрх нөхцөл байдлыг харгалзан Флоресыг тодорхой нөхцөлтэйгээр цагдан хорихоос суллахыг шүүхээс хүссэн байна.

Энэ оны 7-р сард шүүгч Элвин Хеллерстайн Мадуро болон Флорес нарт холбогдох хэргийн үндсэн шүүх хурлыг 2027 оны зургадугаар сарын 1-нд эхлүүлэхээр товлосон байна.

Мэдээнд дурдсанаар, нэгдүгээр сарын 3-нд АНУ-ын цэргийнхэн Венесуэлийн хэд хэдэн объектод халдаж, Мадуро болон Флоресыг баривчлан АНУ руу авч явсан байна. Тэд нэгдүгээр сарын 5-нд Нью-Йоркийн өмнөд дүүргийн холбооны шүүхийн өмнө анх удаа гарчээ.

Мадуро болон түүний эхнэрийг хар тамхины наймаатай холбоотой хэрэгт оролцсон хэмээн буруутгаж байгаа бөгөөд тэд өөрсдийгөө буруугүй гэж мэдэгдсэн байна.

Одоогийн байдлаар Венесуэлийн төрийн тэргүүний үүргийг Делси Родригес гүйцэтгэж байгаа бөгөөд тэрээр Мадурогийн үед тус улсын гүйцэтгэх дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

Эх сурвалж: TASS