ОХУ-ын цэргүүд есдүгээр сарын 10-ны пүрэв гарагт өдрийн цагаар Украины Днепропетровск мужийн Павлоград хотод хүчтэй цохилт өгчээ. Тус халдлагын улмаас долоон хүн амиа алдаж, 76 хүн шархадсан талаар мужийн Цэргийн захиргааны дарга Александр Ганжа мөн өдрийн орой мэдээлсэн байна.

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, цохилт “Гулливер” худалдааны төвийн орчимд болсон байна. Украины Онцгой байдлын албанаас мэдээлснээр, халдлагын дараа дэлгүүр, худалдааны павильонууд болон автомашинууд шатжээ.

Халдлагын үр дагаврыг арилгах ажиллагааны үеэр хоёр аврагч мөн шархадсаныг эмнэлэгт хүргэн эмчилсэн байна. Мужийн Цэргийн захиргааны дарга Александр Ганжагийн мэдээлснээр, халдлагын улмаас найман хүүхэд шархаджээ.

Тэрбээр Telegram хуудастаа “Шархадсан хүмүүсийн дунд 13, 14, 15, 17 настай дөрвөн хүү, дөрвөн настай хоёр охин, 11 настай нэг охин байна. Тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлж байна” гэж бичжээ.

Мужийн Цэргийн захиргааны мэдээлснээр, ОХУ-ын Днепропетровск мужид хийсэн халдлагын улмаас долоон хүн амиа алдаж, 70 гаруй хүн шархадсан байна.

Тухайлбал, ОХУ-ын цэргийн хүчний Днепр хотод өгсөн цохилтын улмаас хоёр хүн амиа алдаж, таван хүн шархаджээ. Мөн хүнсний агуулахууд галд өртөж, зарим аж ахуйн нэгж, үйлдвэрийн барилга байгууламжууд эвдэрсэн байна.

Украины Дотоод хэргийн сайд Иван Выговскийгийн мэдэгдсэнээр, он гарснаас хойш ОХУ-ын цэргүүд Днепропетровск мужид 18 мянга гаруй удаа цохилт өгчээ. Тэдгээрийн дийлэнх нь нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроноор хийсэн халдлага байсан байна.

Түүний хэлснээр, сүүлийн үед хүнсний агуулах, орон сууцны хороолол, галт тэрэг болон худалдааны төвүүдийг онилсон халдлага нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Эх сурвалж: DW